Африкчууд заан, ирвэс, арслан, хирс, усны үхэр хамгаалах зорилгоор “Big-5” төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн нь дэлхий дахинд үлгэр жишээ санаачилга болсон. БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг холбогдох байгууллагынхан үүнээс санаа авч, орон нутгийн засаг захиргаатай хамтран “Great gobi six” буюу “Говийн гайхамшигт зургаа” төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ нь говийн экосистемийн гол төлөөлөгч болсон бөхөн, мазаалай, тахь, хулан, хавтгай, хар сүүлтийг сурталчлан таниулах замаар хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх зорилготой юм. Эл төслийг санаачлагч талууд “Тогтвортой хамгаалал, тогтвортой санхүүжилт” сэдвийн хүрээнд өчигдөр цахимаар хуралдаж, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг танилцууллаа. Сүүлийн зургаан жилд эдгээр амьтны тархац нутаг бүхий 1 049 932 га газрыг улсын тусгай хамгаалалтад авчээ. Үүний үр дүнд бөхөнгийн тархац нутгийн хэмжээ тэлж, 1954 оны түвшинд хүрсэн байна. Шаргын говьд цагаан зээр, Хомын талд монгол бөхөн эргэн нутагшжээ. Зэрлэг амьтад ундаалдаг 24 булгийн эхийг хашиж хамгаалсан гэнэ. Талууд 2016-2019 онд говийн гайхамшигт зургаан амьтныг хамгаалахад 11.8 сая төгрөг зарцуулсан аж.