Нийслэлийн прокурорын газраас “Засагчандмань майнз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э, ерөнхий нягтлан бодогч Ц нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Тодруулбал, “Засагчандмань майнз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э, ерөнхий нягтлан бодогч Ц нар нь тус компанийн захирал Б-тэй бүлэглэн компанийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэж “Жи Ар Эф Парагон Малайз Лимитед” компанитай “Засагчандмань майнз” ХХК-ийн эзэмшлийн хугацаа нь дууссан хайгуулын тусгай зөвшөөрөл болон хувьцаа, хөрөнгө зэргийг барьцаалан гэрээ байгуулж, улмаар холбогдох гэрээ, баримтыг эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 19 сая ам.долларыг залилж авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхэд шилжүүлжээ.
“Засагчандмань майнз” ХХК-ийн захирал Б нь мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж, Монгол Улсын хилээр гарсан тул холбогдох хэргийг нь тусгаарлан шалгаж байна.
Эрүүгийн хуулийн:
17.3 дугаар зүйл.Залилах
1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан
Эх сурвалж:Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба