УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдсөөр байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “Хаус-Инвест” ХХК-ийн Сэлбэ голын эргийн хамгаалалтын бүсэд барьж буй “Сансар гарден” хотхоны барилгад аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс гал гарсан.
Тэгвэл уржигдар Хан-Уул дүүргийн нутагт дээрх төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий “Хурд групп” ХХК-ийн барьж буй “Хүннү 2222” хорооллын нэг байрны есдүгээр давхраас нэг ажилчин унаж нас баржээ. Т гэх эр дээрх хорооллын хараахан ашиглалтад оруулаагүй барилгын есдүгээр давхарт шалны чулуун хавтан (плита) нааж байсан бөгөөд цахилгаан шатны хэсгийг нь таглаж, хөөсөнцрөөр хаалт хийсэн нь цөмөрснөөс ийнхүү амиа алдсан гэх мэдээллийг ажилчид нь бидэнд өглөө. Өдгөө уг хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй аж.