Шуурганд уруудсан зээрийн сүрэг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ойролцоо ирсний улмаас нэг нь зэрлэг нохойд бариулж үхсэн хэрэг гарчээ. Тухайн хэсэгт төмөр зам дагасан өргөст тор байгаагүй бол тус амьтад сумын төв хүртэл явж, эрсдэлд орохгүй байсныг Их нартын байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчид хэлэв. Шуургатай үед ийм явдал байнга тохиолддог гэнэ. Даланжаргалан, Айраг сумын хоорондох өргөст тортой хэсэг цагаан зээрийн хувьд үхлийн хөндий болсон, нутгийн иргэд, малчид тоохоо байсан гэдгийг тус хамгаалалтын захиргааны дарга дурдлаа. Орон нутгийн захиргааны ажилтнууд, байгаль хамгаалагчид эхний ээлжид цөм сүргийг авто зам давуулж, сумын төвөөс холдуулах арга хэмжээ авсан бол дахин ийм явдал гаргахгүйн тулд БОАЖЯ, төмөр замын холбогдох байгууллагад энэ асуудлаар ханджээ.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийнхэн олон улсын нэгэн төслийн хүрээнд тухайн хэсэг дэх торны доод хэсгийг өргөсгүй болгосон ч хангалттай үр дүн гарахгүй, амьтад эрсдэх тохиолдол буурахгүй байгаа аж.