Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үр дүнд талууд Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцааны түвшнийг ахиулан, Монгол, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан хөгжүүлэхээр тогтлоо. Өөрөөр хэлбэл, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны замын зураглал болж ирсэн Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэв. Улмаар Тусгай стратегийн түншлэлийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан юм. Үүнийг хэрэгжүүлэхдээ улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, “хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа зэрэг үндсэн дөрвөн чиглэлд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ.
Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дарханы дэд станцад бага чадлын батарейн цэнэг хураагуур суурилуулах, “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл” хэрэгжүүлэхээр тохирч, хоёр улсын Засгийн газрын хооронд солилцох ноот бичигт Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад хэргийн сайд Ё.Хаяши нар гарын үсэг зурлаа. Түүнчлэн манай эдийн засгийг төрөлжүүлэн, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, Японоос хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль, эрх зүйн болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Японы Засгийн газраас манай оронд 50 мянган мод тарьж, ойжуулах төсөл болон Монголын 20 мянган хүүхэд, залууст байгаль орчин, цөлжилт, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танин мэдэхүйн сургалт зохион байгуулж, сургагч багш нарыг бэлтгэн, бодит ажил хэрэг болгоход тууштай дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Үүнээс гадна Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд Японы хөрөнгө оруулалт, техник, технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, газрын ховор элемент, ховор металл зэрэг ашигт малтмал болон устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд хамтран ажиллах сонирхлоо манай талаас дахин илэрхийлжээ. Айлчлалын үеэр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан X зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Албан ёсны хэлэлцээний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ф.Кишида нар хамтарсан мэдэгдэл гаргасан юм.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан япон иргэдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медалиар шагнав. Тодруулбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг Японы Төлөөлөгчдийн танхим дахь найрамдлын бүлгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро, Саппоро хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Такэбэ Цүтомү, Алтан гадас одонг Монгол судлалын холбооны тэргүүн Конагая Юүки, ЖАЙКА байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико, Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Харүхара Акио, Элчин сайд асан Шимизү Такэнори, Такаока Масато, “Heart saving project” төслийн зүрхний мэс засалч Тамүра Масамичи, “Мабүчи мотор” ХХК-ийн хүндэт ерөнхийлөгч Мабүчи Такаичи, “Шима сейки” ХК-ийн ерөнхийлөгч Шима Масахиро, “Найрамдал” медалийг парламентын Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны хорооны дарга Ямагүчи Шүничи, монгол судлаач Миявакэ Жюнко, “Глобал” олон улсын рашаан судлалын төвийн захирал Мацүда Таданори нарт хүртээлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосодаг хүлээн авч уулзав.
Бэлтгэсэн Б.Уран