Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар эрс хүйтэрч буйтай холбогдуулан Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Говь-Алтай аймгийн БОАЖГ, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас зэрлэг амьтдын тархац нутагт биотехникийн арга хэмжээ авах бэлтгэл хангаж эхэлжээ. Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат “Одоогоор манай хариуцсан бүс нутагт цас харьцангуй бага орсон байгаа учраас зэрлэг амьтад эндэж, эрсдэх аюул учраагүй. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүй. Шаардлагатай арга хэмжээ авахад бэлэн. Ойрын хугацаанд Эдрэнгийн нуруунд өвс, тэжээл тавихаар төлөвлөж байгаа” гэсэн бол Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас “Зэрлэг амьтад олноор нутагладаг, өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэйд тооцогдож буй Халиун, Хөхморьт, Төгрөг, Шарга сум, Хүйсийн говьд биотехникийн арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Одоогоор 3000 гаруй боодол өвс нөөцөлж, бэлтгэхээр ажиллаж байна” гэж мэдээллээ. Говийн их дархан цаазат газарт бөхөн, мазаалай, хавтгай, хар сүүлт, хулан, тахь зэрэг нэн ховор амьтан нутагладаг. Тэгвэл биотехникийн арга хэмжээг эдгээр амьтны тархац нутагт түлхүү зохион байгуулах аж