ДАШТ-ий хэсгийн тоглолтуудыг хасагдах шатны өмнөх бие халаалт, чансаа доогуур багуудын хувьд бодит үнэнтэй тулгарах үе гэж олон хүн үздэг. Гэхдээ шилдэг багууд ч томхон саадтай тулгарч мэдэх учраас үүнийг үнэн гэж шууд хүлээн зөвшөөрөх аргагүй юм. Өөрөөр хэлбэл, энэ шатанд ямар ч дуулиан дэгдэж болно. Энэ удаагийн ДАШТ-д ч түрүүлэх магадлалтай зарим баг хэсгийн эхний хоёр тоглолтоо төлөвлөж байсны дагуу өрнүүлж, хүссэн оноогоо авч чадсангүй.
Харин Бразилын шигшээ багийн Серби, Швейцарын эсрэг тоглолт нь тэднийг алтан медалийн төлөөх гол фаворит гэдгийг нь нотлон харууллаа. Эхний тойрогт Селесао олон боломж үүсгэж, гоол оруулах нь зөвхөн цаг хугацааны асуудал байсан бол прагматик Швейцарын эсрэг ялалтын шинэ “жор” хайхаас өөр аргагүй болсон. Тэр тусмаа лидер Неймар гэмтлийн улмаас багтаа туслах боломжгүй байлаа.
Неймар гэмтсэн нь Бразилын багт уг нь хүнд цохилт болох ёстой байв. Багийнх нь тоглолт ПСЖ-ийн довтлогчтой салшгүй холбоотой хэмээн тэмцээн эхэлхээс өмнө дасгалжуулагч Тите мэдэгдэж байсан билээ. Түүний тактик нь Неймарт довтлох дээд зэргийн эрх чөлөө өгөхөд чиглэдэг юм. Тийм ч учраас Тите “Неймарыг жигүүрт тоглуулдаг дасгалжуулагч байх юм бол би тэр хүнийг тэнэг илжиг гэж нэрлэнэ. Ингэх юм бол түүн шиг ур чадвартай тоглогчийн довтолгоо үүсгэх, хүссэнээ хийх боломжийг нь хязгаарлана. Түүний бүтээлч тоглолт бидэнд маш чухал” гэж хэлсэн билээ.
Гэхдээ л бразилчууд гол тоглогчгүйгээр ялж чадна гэдгээ харуулав. Неймарын оронд хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Фредийг Тите Швейцарын эсрэг тоглуулсан. Ингэснээр тэдний гол тактик өөрчлөгдөж, жигүүрээс довтлох болон байраа байнга сольж тоглох аргаар өрсөлдөгчдөө дарамт учруулж эхлэв. Ташрамд дурдахад, хоёр тоглолтын дараах байдлаар хууралт хийсэн тоогоор Бразилын шигшээ ДАШТ-д оролцож буй 36 багаас 19 дүгээрт бичигдэж буй. Өөрөөр хэлбэл, Неймар, Винисиус зэрэг авьяастантай бразилчууд ур чадварт бус, зохион байгуулалт, багийн тоглолтод тулгуурлан тоглож буйг энэ үзүүлэлт харуулж байна.
Чухам энэ онцлог нь Швейцарын эсрэг амаргүй тоглолтод Бразилын багт ач тусаа өгсөн юм. Тодорхой, нарийн зохион байгуулалттай систем л чанартай тоглогчид бүхий багийг амжилттай үр дүнд хүргэдэг. Тийм учраас л хамгаалалтад илүү анхаарч тоглодог Касемиро багтаа хожил авчирсан гоолыг оруулсан билээ.
Хоёр тойргийн дараах байдлаар “чанартай бүрэлдэхүүн + чанартай тоглолт” гэсэн томьёог Катарт амжилттай ашиглаж буй өөр нэг баг бол Францын шигшээ. Олон гол тоглогч нь гэмтлийн улмаас Катарыг зориогүй ч “гурван өнгөтнүүд” эвгүй тоглолттой Австрали гэсэн сулавтар баг, Дани гэсэн Европын топ түвшний багийг буулгаж аваад байна. Харин тун залуу бүрэлдэхүүнтэй Испанийн баг дасгалжуулагчийн тактик, санааг ногоон талбай дээр өөгүй, төгс хэрэгжүүлэн тоглож чадна гэдгээ тодорхой илтгэж буй. Хамгийн гол нь тэд довтолгоог хэрхэн супер зохион байгуулж, эсрэг багийн хамгаалалтыг бут ниргэх учраа олжээ. Гэхдээ эдгээр багтай харьцуулахад Бразилын шигшээ л Катарт өөлөхийн аргагүй, өөртөө итгэлтэй тоглолт үзүүлж байна. Чухам энэ нь л Селесаог бусад шилдэг багаас ялгаж өгч байгаа юм.