Европын холбоо болон бусад улс SWIFT системээс ОХУ-ын томоохон банкуудыг гаргаж, хориг тавьсан. Энэ нь Монгол Улсын арилжааны банкууд ОХУ-ын банкуудтай төлбөр тооцоо хийхэд хүндрэл учруулж буй. Зарим хүн банкны шилжүүлэг саатсаныг далимдуулан цахим орчинд “Юань, рубль шилжүүлнэ” гэсэн зар тавьж, бусдыг хуурсан тохиолдол хэд хэд гарчээ.
Тухайлбал ХУД-ийн иргэн Б энэ гэмт хэргийн хохирогч болжээ. Тэрбээр нүүр номдоо “Сар гарийн өмнө Орос руу рубль шилжүүлэх хэрэгцээ гарсан. Оросын банкууд хоригт орсон учир мөнгө шилжүүлж болохгүй байгаа юм билээ. Тиймээс өнгөрсөн сарын 25-нд цахим сүлжээнээс мэдээлэл хайж үзэхэд Валют арилжаа гэсэн пэйж хуудсан дээр “Юань рубль шилжүүлнэ” гэсэн зарлал байхаар нь холбогдсон” гэж бичжээ. Тэд цахимаар холбогдож, дараах яриа өрнөсөн байна.
Б: Хоригт орсон газар луу та нар яаж мөнгө шилжүүлдэг вэ?
Цахим хүн:Манай нэг хүн Хиагт дээр сууж байгаа, та манай данс руу төгрөгөөр хийнэ, бид хөрвүүлсэн рубль таны өгсөн данс руу 10 хоногийн дотор хийнэ.
Б: Та нар хулхидахгүй гэсэн ямар баталгаа байгаа юу?
Цахим хүн: Манайх лицензтэй ББСБ, 15 жил ажиллаж байна. Иргэд манайхаар дамжуулан олон сая рубль шилжүүлсэн, танд баримт явуулъя.
Төд удалгүй мессенжерээр СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрөл, Орос руу 7, 10 сая рубль шилжүүлсэн баримт явуулсан байна. Харин иргэн Б үнэмшиж, тэдний өгсөн хувь хүний данс руу 10 000 рубль авахаар 510 000 төгрөг шилжүүлсэн аж. Харамсалтай нь, чатаар холбогдсон этгээд таг болж, утсаа ч авахгүй, хоёр хоноход нь иргэн Б хулхидуулснаа ойлгожээ.
Ингээд өнгөрсөн сарын 28-нд харьяаллын дагуу ХУД-ийн Цагдаагийн I хэлтэст өргөдөл гаргажээ. Хохирогч Б-гээс хэргийн талаар утсаар тодруулахад “Миний өргөдлийг ахмад Тамир-Эрдэнэд хуваарилсан. Би мөнгө шилжүүлэхээсээ өмнө тэр ББСБ-аас ирсэн бүх баримтуудыг хадгалж авч үлдсэн. Бүгдийг нь өргөдлийн хамт байцаагчид өгсөн. Тэд надаас мэдүүлэг аваад, ХААН банканд асуулга явуулна, тэгээд хариу ирэхээр мөрдлөгөө эхлүүлнэ гэж хэлсэн. Түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч би хэд хэдэн удаа байцаагч руу залгаж, лавлахад “ХААН банкнаас хариу алга” гэсэн ганцхан л юм хэлдэг. Тэндээс хариу иртэл бид юу ч хийж чадахгүй гэсэн л ганц хариу өгсөөр өдийг хүрлээ” гэв.
Энэ хугацаанд нөгөө этгээд залилангаа үргэлжлүүлэн утасны дугаараа өөрчлөн зарлалаа тавьсан хэвээр байжээ. Өөрөөр хэлбэл, одоо ч иргэд нэмж хохирсоор байгаа гэсэн үг юм. ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас дээрх хэргийг тодруулхад прокурорийн зөвшөөрөлгүй мэдээллийг дэлгэх боломжгүй гэлээ. Харин цахимаар залилуулах иргэдийн тоо ихэссэн байгаа учир ямарч мэдээллийг сайн нягталж байхыг анхаарууллаа.
Иргэний мэдээллийн нууцтай холбоотойгоор банк дээр уг асуудал саатсан гэсэн мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллагад бүртгэсэн залилангийн хэргүүдийг судлахад, иргэд нийгмийн цахим сүлжээнд бусдад хууртах, мөн олон шатлалын маркетинг, пирамид тогтолцоотой луйварт өртсөөр байгаа нь ажиглагдсан. Дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэн тэргүүний асуудал нь залилан үйлдэж буй аргыг иргэдэд мэдээлж, таниулах юм. Ингэснээр залилагч этгээдэд мөнгө, эд зүйлээ өгөхөөс татгалзах сэдэл төрөхөөс гадна сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл багасах аж.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан