Хушны самрын хууль бус сүлжээ Монголд 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулахад, гарал үүсэл нь тодорхойгүй маш их мөнгөтэй гуравхан хятад хүн Монголын төрийн өндөр, удирдах албан тушаалтнууд, төрийн албан хаагчид, ченжүүд, зуучлагчид гээд бүхэл бүтэн сүлжээ үүсгэж чадсан байна. Ташрамд хэлэхэд, энэ сүлжээг удирддаг хятад иргэд мөнгөө ямар нэг байгууллага, аж ахуйн нэгжийн дансаар бус, хувь хүний дансаар, эсвэл бэлнээр оруулж ирдэг бололтой. Тэгээд нууцаар тараачихдаг гэж байгаа юм. Мөнгө авсан иргэд уул руугаа, албан тушаалтнууд хууль руугаа халддаг. Харийнхнаар удирдуулж, мөнгөөр нь угжуулаад улсынхаа эдийн засаг, экологийг сүйрүүлж чаддаг монголчууддаа харамсмаар шүү.
Хамгийн гол нь самрын сүлжээнийхэн өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу самар бэлтгэх буюу түүх, боргоцойноос салгах, боловсруулах буюу самрын идээг яснаас нь гаргах, гаргасан идээгээ уутлах, тэгээд экспортлох гэсэн дамжлагаасаа өгөх ёстой татвар, хураамжуудыг төлдөггүй. Чухамдаа энд л гуравхан хятад иргэний удирддаг хушны самрын хууль бус сүлжээнийхний хулгайлсан монголчуудын “алдагдсан боломж” оршиж буй аж.
Дээр нь хушны самрын экспортыг эдийн засгийн алдагдалгүй явуулах үүрэгтэй Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ, МХЕГ ч тоодоггүй. Үүргээ таг мартсан. Энэ сэдэв хөндөгдөхөөр “Тэмээ гэхэд ямаа” гэдэгчлэн бүх асуудлыг ууланд самар түүдэг иргэд рүү чихээд орхидог. Гэтэл гол эзэд нь хэн бэ гэдгийг тэд бараг мэдэж буй. Тэгж хардах үндэслэл хангалттай байгаа юм.
Шуудхан хэлэхэд, дээрх байгууллагуудын нэр бүхий нэлээд тооны албан хаагчийг татвар, тарифаа хуулийн дагуу хурааж, мэргэжлийн хяналт тавихаа “мартахад” самрын сүлжээнийхний тараадаг их мөнгө нөлөөлдөг. Бас тэр сүлжээнд хүчин зүтгэж буй ТББ, компаниудын нэр барьсан зуучлагч, ченжүүд хийгээд төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн удирдах албан хаагчид ч үүрэг, чиглэл өгдөг гэдэг.
Хамгийн эмгэнэлтэй нь, самрын сүлжээнийхэн Монгол Улсыг татвар ч үгүй, орлого ч үгүй үлдээж, эдийн засгийг маань “самарсаар” байгаа юм. Үүнийг нотлох нэг том “тоо” байна. Монгол Улс дэлхийн хушны самрын 30 хувийг бүрдүүлдэг. Гэвч олон улс дахь албан ёсны “тайлан”-гаар нэг хувьд ч хүрдэггүй. Яагаад?! Гэтэл 2021 онд дэлхийн хушны самар үйлдвэрлэл буюу самрын идээ бэлтгэж нийлүүлсэн нийт хэмжээ 42 081 тн байсан. Үүний 13 228 тн-ыг Орос, 11 574 тн-ыг Хятад, 9645 тн-ыг Ардчилсан Солонгос, 3197 тн-ыг Пакистан, 441 тн-ыг Испани болон Португал, 413 тн-ыг Турк, 386 тн-ыг Итали, үлдсэн 110 тн-ыг манайх зэрэг хэд хэдэн улс нийлүүлсэн гэсэн тайлан мэдээ байна. Гэтэл манай улсаас 2021 онд хушны 14 397 тн самар/идээ бэлтгэсэн байгаа юм. Үүнийхээ 98.8 хувь буюу 14 224.2 тн-ыг Хятад руу гаргажээ. Мөн 0.69 хувийг Турк, 0.35 хувийг Герман, 0.14 хувийг Өмнөд Солонгос, 0.02 хувийг Япон руу экспортолжээ. Өөрөөр хэлбэл, Монголоос экспортолсон самар дэлхийн зах зээл дээр “Хятадад үйлдвэрлэв” шошготойгоор худалдаалагддаг гэсэн үг.
Хамгийн ноцтой нь, 2021 онд дэлхийн зах зээл дэх хушны самрын нэг кг идээ дунджаар 27 ам.долларын үнэтэй байж. Гэтэл манайхаас Хятад улс руу дунджаар 6.5 орчим ам.доллароор экспортолсон байгаа юм. Дэлхийн зах зээл дэх хушны самрын үнэ Хятадын хөдөө аж ахуйн биржийн албан ёсны bohai.com-д зарлагддаг. Үнийн мэдээллийг тэндээс авч болно.
Харин манай экспортын мэдээлэл нь Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ, МХЕГ зэрэг хушны самрыг хуулийн дагуу түүлгэж, экспортлуулах үүрэг бүхий гол байгууллагуудад байдаг. Тэднээс авсан мэдээллээр манайх 2021 онд Хятадаас бусад улс руу экспортлохдоо дунджаар 17 ам.доллароор гаргажээ. Бод доо, дэлхийн зах зээлд 27 ам.долларын үнэтэй байгаа самрын идээг Хятад руу 6.5, харин бусад руу 17 ам.доллароор гаргасан байна.
Түүнчлэн самрын идээ экспортолсон аж ахуйн нэгжүүдийн Хятад руу гаргасан гэрээний үнэ ч харилцан адилгүй нь анхаарал татаж байгаа юм. “Арвин ачит” гэдэг компани 2021 оны нэгдүгээр сараас зургадугаар сарын дунд үе хүртэл 26 удаагийн ачилтаар 1686.3 тн самрын идээг Хятад руу экспортолжээ. Тэгэхдээ кг бүрийг нь 4.7-7.7 ам.доллароор гаргасан аж. “Арвин боргоцой” компани 2-6 дугаар сарын хооронд дөрвөн удаагийн ачилтаар 295 тн самрын үрийг 5-6.5 ам.доллароор экспортолжээ. Мөн АСНЕФ компани 2-5 дугаар сарын хооронд зургаан удаагийн ачилтаар 275.3 тн-ыг 6-8, “Буман боргоцой” компани 2-7 дугаар сарын хооронд 27 удаагийн ачилтаар 1247.5 тн самрын идээг 3-3.7, “Бэржинхангай” компани 2-5 дугаар сарын хооронд есөн удаагийн ачилтаар 484.8 тн-ыг зургаан ам.доллароор борлуулсан байна. Мөн “Идэр чандмань” компани 1-6 дугаар сарын хооронд 15 удаагийн ачилтаар 974 тн-ыг 1.5-1.6, “Пиножой интернэшнл” компани 2-6 дугаар сарын хооронд 15 удаагийн ачилтаар 641.7 тн-ыг 2.5-8, “Тайхарын цуурай” компани 2-6 дугаар сарын хооронд 14 удаагийн ачилтаар 1043.6 тн-ыг 0.9-55 ам.доллароор экспортолсон аж. “Цэцманхан” компани 2-5 дугаар сарын хооронд есөн удаагийн ачилтаар 680.6 тн-ыг 5.8-7.9, “Эн Эйч трейд” компани 3-6 дугаар сарын хооронд есөн удаагийн ачилтаар 484 тн-ыг 4.6-5.4, “Мофко групп” компани 2-5 дугаар сард хоёр удаагийн ачилтаар 85 тн-ыг 5.5-6.7 ам.доллароор гаргасан байна.
Эндээс самар экспортлогч компаниуд самрын сүлжээтэй холбоотой юу гэсэн асуулт гарч ирж байна. Нэг кг самрын идээг боловсруулж, экспортод гаргах хүртэлх өртөг хэд болох вэ. Түүнийгээ хэдэн ам.доллароор худалдвал ашиг олох вэ. Ийм асуултууд гарч ирнэ. Яг энэ “тоо”-гоор бол эдгээр компани гаргасан зардлынхаа дөрөв хуваасны нэгийг ч олж авч чадаагүй гэсэн үг. Тэгэхээр дээрх компаниудыг самрын сүлжээтэй холбоотой, эсэхийг маш нарийн нягтлах учиртай. Мөн эдгээр компани татвар, хураамж, даатгал, шимтгэл төлдөг, эсэх зэрэг болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг уу, үгүй юү гэдгийг маш сайн шалгах шаардлагатай гэсэн үг.
Үргэлжлэл бий.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ