Зам, тээврийн ослын улмаас хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх дэлхий нийтийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногт тэмдэглэдэг. Харин манай улс 2018 оноос үүнийг “Хичээх өдөр” нэртэйгээр арваннэгдүгээр сарын 29-нд тогтмол тэмдэглэж байхаар шийдвэрлэж, осолгүй, аюулгүй амьдралын төлөө хамтдаа хичээх уриалга дэвшүүлсэн билээ. Өнөөдөр тохиож буй хүндэтгэлийн өдөртэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, статистик, мэдээлэл танилцуулав.
Зам, тээврийн ослын улмаас өдгөө дэлхий дахинд өдөр бүр 3500, жилд 1.3 сая хүн нас барж буй гэнэ. Ойрын 10 жилд энэ тоо огцом өсөж, жилд дунджаар 13 сая хүн ийм шалтгаанаар эндэж, 500 сая орчим иргэн бэртэж гэмтэх магадлалтайг НҮБ-аас анхааруулсныг онцоллоо. Тэрчлэн 2030, 2060 он гэхэд хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэгээр зам, тээврийн осол багтсан хэвээр байна гэж дүгнэсэн аж.
Манай улсад сүүлийн 10 жилд 5155 хүн ийм ослоор хорвоог орхижээ. Энэ оны эхний арван сард цагдаагийн байгууллагад зам, тээврийн 18 992 осол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 477 хүн нас барж, 2448 иргэн гэмтжээ. Нас барагсдын 62, гэмтсэн хүмүүсийн 694 нь хүүхэд аж. Нийт ослын дийлэнх нь хурд хэтрүүлсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон зэргээс үүдэлтэйг цагдаагийн байгууллагынхан дурдав. Ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зөрчил эрс нэмэгдсэнийг хэллээ. Тус албаныхан өнгөрсөн сард дөрвөн удаа хяналт шалгалт зохион байгуулахдаа зөвхөн үүнтэй холбоотой 1828 зөрчил илрүүлжээ.