Гавьяат тамирчин, дэлхийн аварга Ц.Цогтбаатар "Токио-2022" Их дуулгад зодоглох гэнэ. Тодруулбал, Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 3-4-нд болно. Энэ тэмцээнд 63 орны нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 13 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, Б.Нармандах, 73 кг-д дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Л.Энхболд, О.Цэцэнцэнгэл нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Э.Энхзул нар зодоглох юм.