Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 21-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 129 гомдол, мэдээллийг шалгаж. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 72 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 754 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 736 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 6 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал: “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх; Иргэн “А”, “Э” нар нь хэрэг маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хахууль өгсөн гэх; Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч “М” нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах ажиллагааны явцдаа хохирогчоос мэдүүлэг авахгүйгээр хохирогчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэх; Увс аймгийн удирдах албан тушаалтан “Ч” нь бусдад давуу байдал бий болгосон гэх; “Д” нь өөрийн хөрөнгө орлогоо их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэх.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар