Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “Хү” хамтлагт ЮНЕСКО-гийн “Энхтайвны төлөөх уран бүтээлч” цолыг энэ сарын 25-нд гардууллаа. “Хү” хамтлагийн хөгжмийн хэв маяг, илэрхийлж буй санаа нь тус байгууллагын үнэт зүйл, үйлажиллагаанд нийцэж буйгаас гадна үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, түүх, соёлынхоо уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг ЮНЕСКО-гоос онцолжээ. “Хү” хамтлагийнхан эл цолыг хүртсэн, Монголын урлаг, соёлын анхны төлөөлөгч юм. 2016 онд байгуулагдсан тус хамтлаг нь Монголын соёлын биет бус өв, уламжлалт хөгжмийн хэв маяг, элементүүдийг орчин үеийн рок, хүнд металл хөгжимтэй хослуулсан хүннү рок урсгалыг бий болгосон. Түүнчлэн ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн, монголчуудын бахархал болсон хөөмий, цуур, лимбэ, морин хуур зэрэг хөгжмийн зэмсгийг уран бүтээлдээ ашигладаг. “Энх тайвны төлөөх уран бүтээлч” цол хүртсэнээр “Хү” хамтлаг ЮНЕСКО-гийн үйлажиллагаа, үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулан сурталчлах үүрэг хүлээх бөгөөд ялангуяа хүн төрөлхтний өвийг хамгаалахын ач холбогдлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх элч болж байна.
Бэлтгэсэн А.Хангай