Хоёр улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банк, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл ”-өөс баруун бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийг хариуцсан хамгаалалтын 12 захиргааны 240 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад дөрвөн улирлын, 17 нэр, төрлийн дүрэмт хувцас өглөө. Уг хувцсыг яамнаас баталсан загвар, техникийн тодорхойлолтын дагуу Хилийн цэргийн 0288 дугаар анги дотооддоо үйлдвэрлэсэн бөгөөд 650 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Тус төслийнхөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор ойн ангиудад саяхан трактор, тоног төхөөрөмж өгсөн бол энэ удаа хамгаалалтын захиргаад, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахаар хувцас хэрэглэлээр хангав. Ташрамд дурдахад, БОАЖЯ өнгөрсөн амралтын өдөр 15 аймаг дахь сум дундын 24 ойн ангид мод тарих, газар хагалахад ашиглах трактор, тоног төхөөрөмжийг нэмэлтээр өглөө.