Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарт хотхон”-д 11 настай Б 13 настай Э гэх охиныг 61 удаа хутгалж, онц хэрцгийгээр аминд нь хүрчээ. Мөн түүний дүү долоон настай эрэгтэй Э-ийг 11 удаа хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарсан байна.
Тус хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ. Шүүх уг эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хутга хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Эрүүгийн хуульд, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг “гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн” гэж заасан бөгөөд “Хүнийг алах” болон “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг”-ийн хувьд үйлдсэн этгээд нь 14 насанд хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг.
Иймд, шүүхээс 11 настай байхдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн Б-ыг “Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Түүнчлэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийдвэрт дурдаж, уг асуудлыг нээлттэй үлдээж, арван нэгдүгээр сарын 21-нд ийн шийдвэрлэлээ.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан