Энэ сарын сүүлч болон ирэх сарын эхээр нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тухайлбал, өнөөдөр төв, зүүн аймгууд, энэ сарын 27-28-нд нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөв гарчээ. Улмаар 28-наас ирэх сарын 2 хүртэлх хугацаанд хүйтний эрч эрс чангарч, зарим газарт -47 градуст хүрэх гэнэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 42-47 градусын хүйтэн байх төлөв гарсан нь хамгийн дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Мөн Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 36-41, өдөртөө 24-29 градусын хүйтэн байх аж. Улаанбаатар хотын тухайд энэ сарын 27-28-нд их хэмжээний цас орох урьдчилсан төлөв гарчээ. Үүний дараа буюу 28-наас эхлэн хүйтний эрч эрс чангарч, ялангуяа Яармаг, Сонгинын орчимд агаарын температур -39-41 градуст хүрэх гэнэ. Бусад хэсэгт 32-34 градусын хүйтэн байх төлөвтэй юм байна. Цаг агаарын энэхүү үзэгдэл нь эрчим хүч, дулаан хангамж, зам, тээвэр, хөдөө аж ахуй, боловсролын салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахад ноцтой хүндрэл учруулж болзошгүй тул шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүссэн албан бичгийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин холбогдох албаныханд хүргүүлжээ.
Бэлтгэсэн М.Оч