- 30 МИНУТ ҮРГЭЛЖИЛСЭН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ
Олимпын наадамтай харьцуулбал хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлт даруухан болдог. Харин катарчууд 30 минут үргэлжилсэн цогц нээлтийн ажиллагаа зохион байгуулсан нь өмнөх тэмцээнүүдээс ялгаатай байлаа.
- Бусад цэнгэлдэх хүрээлэнтэй харьцуулбал Доха хотоос хамгийн хол (40 орчим км) орших “Аль Бейт”-д нээлтийн ёслол болсон. Уг ёслолын эхний сюрприз нь нэрт жүжигчин М.Фриймэн болон Катарын алдартнуудын нэг, паралимпийн нэртэй тамирчин Ганим Аль-Муфтагийн харилцан яриа байлаа. “Хөлбөмбөг улсуудыг нэгтгэдэг. Өнөөдөр дэлхий даяар бид бүгд энд нэгэн том гэр бүл болоод байна” хэмээн М.Фриймэн дурдсан юм.
- 1966 оноос эхэлж хөлбөмбөгийн ДАШТ бэлгэдэл сахиустай болсон агаад Катарт өмнөх бүх тэмцээний бэлгэдэл нэг дор цуглалаа.
- Ямар ч ДАШТ-ийг чимдэг нэг элемент бол сүлд дуу. “Катар-2022”-ын сүлд дуу болох “Dreamers” (Мөрөөдөгчид)-ийг БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүн Чон Жон Гук болон Арабын ертөнцийн супер од дуучин, Катарын иргэн Фахад Аль-Кубаиси нар дууллаа. Нээлтийн арга хэмжээнд колумби дуучин Шакира оролцох байсан ч хувийн шалтгаанаар дөрөв хоногийн өмнө татгалзсанаа мэдэгджээ . Мөн Дуа Липа, Р.Стюарт нарт зохион байгуулагчид урилга явуулсан ч татгалзсан байна. Шалтгаан нь Катар дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотой .
- Нээлтийн ёслолын хамгийн сэтгэл хөдөлгөм мөчийн нэг нь хамгийн төгсгөлд болов. Катарын өнөөгийн эмир Тамим бин Хамад Аль-Танигийн аав Хамад бин Халифа Аль-Тани элсэн цөлд хэдэн хүүхэдтэй хөлбөмбөг тоглож буй хуучны бичлэг цэнгэлдэхийн дэлгэцээр гарсан юм. Энэ явдал Хамад бин Халифт ч сюрприз болсон аж. Улмаар хүү нь түүнд тухайн үед өмсөж байсан өмсгөлийг өгөхөд аав нь гарын үсгээ зурсан юм.
АНХДАГЧААР ДҮҮРЭН ЭХНИЙ ТОГЛОЛТ
Катар - Эквадор 0:2 (0:2, 0:0)
Гоол: 0:1 - 16, пенальти Валенсиа, 0:2 - 31 Валенсиа
“Аль Бейт” цэнгэлдэх хүрээлэн
Хоёр багийн ур чадвар, тактикийн ялгаа илт харагдсан эл тоглолт олон анхдагчаар дүүрэн байлаа. VAR ашиглаж тооцоогүй анхны гоол, анхны торгуулийн цохилт, эхний дублийн эзэн, нээлтийн тоглолтдоо ялагдсан ДАШТ зохион байгуулагч анхны улс гээд олон тодотгол хоёр багийн тоглолтыг чимсэн юм. Тоглолтын гол баатар Э.Валенсиа Эквадорын багийн мэргэн бууч (75 тоглолтод 37 гоол) болсноос гадна ДАШТ-д шигшээ багийнхаа сүүлийн таван гоолыг оруулаад байна. Өдгөө 33 настай Эннер энэ улиралд үнэхээр одтой тоглож байгаа. Туркийн Супер лигт 13 гоол оруулж, дөрвөн гоолын дамжуулалт өгсөн. Мөн Европа лигт дөрвөн гоолтой явна. Харин эсрэг багаа хахуульдаж, 1:0-ийн харьцаатай ялна хэмээн эл тоглолтын өмнө дуулианд өртсөн Катарын шигшээ асар муу тоглож, өрсөлдөгчийнхөө хаалгыг оносон нэг ч цохилт хийж чадалгүй дуусгав. Тийм ч учраас тоглолтын хоёрдугаар хагаст хөгжөөн дэмжигчид нь цэнгэлдэхийг орхиж одсон биз ээ. Энэ сарын 25-нд болох дараагийн тойрогт Эквадор-Нидерланд, Катар-Сенегалын баг тоглоно.
ОНЦЛОХ МЭДЭЭ
- “Аль Бейт” цэнгэлдэх хүрээлэн 60 мянган хүний багтаамжтай боловч албан ёсны протокол, цэнгэлдэхийн зарлагчаар 67 732 хүн тоглолтыг үзэж байна гэж мэдээлжээ.
- Өрөөн дэх хөргөх төхөөрөмжөөс шалтгаалж А.Мората тэргүүтэй Испанийн шигшээ багийн долоон тоглогч ханиад хүрсэн байна. Гэхдээ тэд Коста Рикагийн эсрэг эхний тоглолтоос өмнө эдгэрэх хүлээлттэй байгаа юм.
- Нээлтийн ажиллагааг шууд дамжуулахын оронд цагаач ажилчид, ФИФА-ийн авлига, Катар дахь хүний эрхийн талаарх нэвтрүүлэг гаргасан Британийн ВВС сувгийг нэрт хөтлөгч, сэтгүүлч П.Морган шүүмжилсэн байна.
- Эквадор-Катарын багийн тоглолтод хоёр баг нийлээд ердөө 11 удаа хэн хэнийхээ хаалга руу цохисон нь ДАШТ-ий түүхэн дэх анти рекорд ажээ.
Бэлтгэсэн Н.Энх