1940-өөд он
А.Цэрэндэндэв нь 1912 онд хуучнаар Богдхан уулын аймаг Наваан гүний хошуу, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Ар Гандан хэмээх газарттөржээ. Эрийн цээнд хүртлээ мал хариулах, аргамж сур элдэх, аян жинд явах зэргээр эцэг, эхдээ туслан амьдарч байв. Тэрбээр 1933 онд цэргийн албанаа татагдаж, Хэнтий аймаг дахь VII дивизийн их бууны хороонд алба хааж байгаад Цэргийн бага даргын сургуульд элсэн суралцаж, төгсжээ. Улмаар I дивизийн пулемёт сумангийн жагсаалын дарга, 1934 оны эцсээр Цэргийн төв клубийн дуучин, бага дарга, 1935 оноос дуучин-жүжигчин, жагсаалын даргаар дэвшин ажилласан байна. Энэ хугацаанд “Их жанжны уран ялалт”-ын жанжин Сүх баатар, “Партизан Батхүү”-гийн Батхүү, “Тэнэг засаг, сохор чавганц”-ын хүү зэрэг 10-аад жүжгийн гол дүрд тоглосны зэрэгцээ хүндэтгэлийн концертод гоцлон дуулж байв. Мөн ардын хувьсгалын XV жилийн ойгоор зарласан дуучдын уралдаанд оролцож, улсын III зэргийн дуучин цол, үнэмлэхээр шагнуулжээ. 1936 оны аравдугаар сард гачигдлаар цэргээс халагдан, орон нутагтаа буцаж очоод сонгуулиар Төв аймгийн Бор-Өндөр сумд багийн даргаар ажилласан байна. 1938 оны тавдугаар сард аймгийн захиргааны шийдвэрээр аймгийн Улаан гэрийн эрхлэгчээр ажиллажээ. Тэрбээр 1938 оны есдүгээр сард Амгаланбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубт сайн дураар ирж ажиллажээ. Тус клубт ажиллаж байхдаа “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн Юндэнгийн дүрийг бүтээсний зэрэгцээ “Цэнд комиссар”, “Хэрмэл”, “Ардын зориг” зэрэг 20 гаруй жүжиг болон баярын концертод оролцон тогложээ.
А.Цэрэндэндэв нь 1940 оны нэгдүгээр сард Улсын төв театрт шилжин ажилласан бөгөөд “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн Юндэн, “Мандухай сэцэн хатан” жүжгийн Баянмөнх жонон, “Хонины булаг”-ийн Ван Родриго, “Талын баатар”-ын жанжин Сүхбаатар, “Шарай голын гурван хаан”-ы Гэсэр хаан, “Нүүрэлдэлгээ”-гийн Гернебут, “Амарсанаа”-гийн Амарсанаа, “Далан худалч”-ийн Сэнгээ, “Отелло”-гийн Брабанцио зэрэг шилдэг дүр бүтээсэн нь театрын түүхнээ бичигдэн үлджээ. Тэрбээр 1944 онд “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн Юндэнд тоглохдоо сайхан монгол эрийн намба төрх, шинжийг дүрслэн үзүүлж, жүжгийн эхний бэсрэг уртын дууг гайхалтай сайхан дуулдаг байсан гэдэг. Түүний бүтээсэн Юндэн нь дахин давтагдашгүй шилдэг дүр болсон агаад тухайн үеийн үзэгчдийг байлдан дагуулж, тэднээс “Халхын сайхан Юндэн” хэмээх өргөмжлөл хүртэж байжээ. А.Цэрэндэндэв нь мөн дэлгэцийн урлагт тод мөрөө үлдээсэн жүжигчин бөгөөд 1942 онд “Сүхбаатар” кинонд жанжны дүрийг бүтээсэн Л.Свердлиний орлон тоглогчоор тоглохдоо түүнээс дүр бүтээх талаар багагүй зүйл сурч, монгол хүн моринд гарамгайг харуулах гэж чадлынхаа хэрээр чармайсан гэдэг. Түүнийг тус кинонд онц зүтгэлтэй оролцсоны учир 1942 онд Улсын гавьяат жүжигчин цол олгож, “Алтан гадас” одонгоор шагнажээ. Мөн 1945 онд “Цогт тайж” киноны Арслан тайжийн дүрийг бүтээсэн бөгөөд “хувиа бодогч, цэргийн албан тушаал булаацалдагч болохыг хэдхэн хэсэгт маш тодорхой дүрслэн харуулж чадсан” хэмээн урлаг судлаачид өндрөөр үнэлсэн байдаг юм. Түүнчлэн “Хил дээр гарсан хэрэг” (1942) уран сайхны киноны Болд, “Түмний нэг” (1962)-ийн офицер, “Ингэх гээд байсан юм” (1942)-ын ойн цагдаа зэрэг дүр бүтээж, дэлгэцнээ мөнхөрсөн билээ. А.Цэрэндэндэв нь 1947 онд Чехословак улсын нийслэл Прага хотноо болсон Дэлхийн залуучууд, оюутны анхдугаар их наадамд оролцохдоо олон мянган үзэгчид монгол ардын дуу болон Улсын гавьяат жүжигчин Л.Цогзолмаагийн хамт “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс дуулж сонсгосон билээ.
А.Цэрэндэндэв 1940-1960 онд Улсын төв театрт жүжигчин, 1960-1961 онд Улаанбаатар хотын Төв клубт жүжигчин, 1961-1964 онд Үйлдвэр хоршооллын клубт найруулагч, 1964-1972 онд Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж байжээ. Театрын урлагт оруулсан түүний хөдөлмөр зүтгэл, уран бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж, Улсын гавьяат жүжигчин цол, “Алтангадас”-аас гадна1945 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон бусад ойн медалиар шагнасан байдаг. БНМАУ-ын Гавьяат жүжигчин А.Цэрэндэндэв нь “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрээрээ үзэгч олондоо “Халхын сайхан Юндэн” хэмээн алдаршсан тайзны нэрт жүжигчин, “Цогт тайж” киноны Арслан тайжийн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн урлагийн тод од, алтан үеийн нэрт төлөөлөгч байв.
АРСЛАН ТАЙЖИЙН ДҮРИЙГ АМИЛУУЛСНААС ХОЙШ 20 ЖИЛИЙН ДАРАА КИНОНД ТОГЛОЖЭЭ
БНМАУ-ын Гавьяат жүжигчин А.Цэрэндэндэв нь театрын тайзнаа олон арван жүжигт тоглосон бол дэлгэцийн урлагт гарын таван хуруунд багтахаар тоотой хэдхэн дүр бүтээсэн байдаг юм. Тухайлбал, тэрбээр 1941 онд “Улсын 20 жил” хэмээх баримтат кинонд жанжин Сүхбаатарын дүр бүтээж байсан аж. Түүний дараа 1942 онд хоёр ч уран сайхны кинонд тоглосон. “Монгол кино” үйлдвэрийн бүтээл “Хил дээр гарсан хэрэг” кинонд байлдагч Болд, ЗХУ-ын “Ленфильм” киностудийн уран бүтээл болох А.Г.Зархи, И.Е.Хейфиц нарын найруулсан “Сүхбаатар” кинонд Сүхбаатарын орлон тоглогчийн дүр бүтээжээ. Гурван жилийн дараа буюу 1945 онд “Цогт тайж” кинонд Арслан тайжийн дүрийг бүтээж, энэ дүрээрээ үзэгч олны сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн билээ. Хачирхалтай нь, Арслан тайжийн дүрийг амилуулснаас хойш 20 жилийн дараа буюу 1965 онд “Хүний мөр” кинонд офицер, дахин 20 орчим жилийн дараа буюу 1983 онд “Ингэх гээд байсан юм” кинонд ойн цагдаагийн дүр бүтээсэн байдаг юм.
Арслан тайж “Талын баатар”. Сүхбаатар нөхдийн хамтаар. 1945 он
“СҮМБЭР УУЛ ШИГ ТҮШИГТЭЙ ХҮН”
Л.ЦОГЗОЛМАА (Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин):
-Оюун, Цэндээхүү багш, Цэрэндэндэв гуай нартай ажиллачихаад,
тайзан дээр гараад явчихсан санагддаг юм. Цэрэндэндэв гуай Нансалмаагийн явах, суух, босохыг нэгд нэгэнгүй заана. Үйл хөдлөл, харцаараа яг удирдаж тусална. Түшигтэй гэж үнэхээр гайхалтай. Сүмбэр уулын нөмөрт байсан шиг санагддаг сан. Нөөлөгтэй, нөмөртэй, дулаахан, халамжтай сайхан хүн байсан юм. Тавдугаар үзэгдэл дээр Нансалмаа гүйж гардаг хэсэг бий. Намайг гүйгээд гарсан чинь Цэрэндэндэв гуай “Орос хүүхэн, монгол хүүхэн хоёрын гүйх нь огт өөр шүү дээ, хө” гээд монгол бүсгүй ямаршуу янзын гүйдгийг зааж өгч билээ. Би салбаг сэлбэг гүйдэлтэй “орос хүүхэн” байжээ. Цэрэндэндэв гуай жинхэнэ монгол Юндэн. Тийм Юндэн дахин хэзээ ч төрөхгүй. Харахаас л жинхэнэ Юндэн. Би монгол эр хүнийг энэ насандаа хосгүй сайхан Цэрэндэндэв гуайгаар л дүрсэлнэ. Өөр хэнээр ч дүрсэлж чадахгүй.
У.Амарсайхан “Амьд сэрүүнд нь хайрлаж халамжлах сан” номоос (Улаанбаатар. 1994. тал 81-83)
Учиртай гурван толгой дуурь.1944 он. Юндэн А.Цэрэндэндэв, Нансалмаа Л.Цогзолмаа
Б.СҮРЭНХОРЛОО (БНМАУ-ын Гавьяат жүжигчин):
-Намайг анх 24-тэй “Бөмбөгөр ногоон”-д ороход Цэрэндэндэв гуай дөч шүргэсэн сайхан бор хархүү байсан юм. Амгалангийн клубт жүжигчин байхад нь анх харсан юм даг. Жигтэйхэн сайхан хоолойтой хүн байсан. Урт, богинын дууг алийг нь ч сайхан дуулна. Амарсанаад дуулахыг нь харсан. “Мандухай сэцэн хатан”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Талын баатар”-т жүжиглэхийг нь үзсэн. Эршүүд, даруухан, хэнтэй ч нийлэмжтэй, хүнд тусархуу гэдэг нь жигтэйхэн. Анх Хоролмаад тоглоход Цэрэндэндэв гуай гараас татаж залж тусалсан. “Сүмбэр уул шиг түшигтэй” гэж Цогзолмаа хэллээ. “Хангайн нуруу шиг халамжтай” гэж би нэмж хэлмээр байна. Халхын сайхан Юндэн. Тийм Юндэн хэзээ ч төрөхгүй гэдэг үнэн үг. Байгалиас заяасан билиг авьяастай жүжигчин гэдэг хүнийг залаад, хөтлөөд, түшээд, шууд аваад явчихдаг юм. Цэрэндэндэв гуайд хөтлүүлж хүн болсон жүжигчин Монголын соёл урлаг, театрт Цогзолмаа бид хоёроос өөр олон бий. “Учиртай гурван толгой” дуурийг үндэсний оркестроос сонгодог оркестрт оруулж, анх тоглоход Гэндэн найруулж, Юндэнд Цэрэндэндэв, Нансалмаад Рэнцэнноров, Балганд Дашпунцаг, Хоролмаад би тоглосон юм. Прагад болсон Дэлхийн залуучууд, оюутны анхдугаар их наадамд Цэрэндэндэв, Цогзолмаа хоёр явж, Юндэн-Нансалмааг дуулж, монгол хайр сэтгэл, монгол ёс, уламжлал, Монголынхоо соёлыг даян дэлхийн залуучуудад гайхуулсан.
...Амьдрал дээр гоё хүн бишгүй, харин
тайзан дээр гоё хүн өдрийн од шиг. Сайхан монгол эрд монгол дээл сайхан зохидог номтой. ...Босгоод ирж болдог сон бол хамгийн түрүүнд босгох хүний нэг. Жинхэнэ монгол эрийг үзье, харъя, шохоорхъё гэвэл Монголын кино урлагийн дэлгэцээс Цэрэндэндэвийг олж хар. Хаанаас нь ч харсан жинхэнэ монгол сайхан эр хүн.
У.Амарсайхан “Амьд сэрүүнд нь хайрлаж халамжлах сан” номоос (Улаанбаатар. 1994. тал 81-83)
Ч.ДОЛГОРСҮРЭН (Монгол Улсын Ардын жүжигчин):
-“Цогт тайж” кинонд Арслан тайжийн дүрд тоглосон Улсын гавьяат жүжигчин А.Цэрэндэндэвийг “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэнд дуулж байхад Юндэн гэж нээрээ ийм л хүн байсан болов уу гэж санагдахаар халхын сайхан монгол эрийн жавхлан төгс дүр харагддаг байж билээ. Манай Цэрэндэндэв бол хээгүй, нялуун зангүй, шулуун шударга, түс тас гүдэсхэн яриатай, хүүхнүүдтэй илүү дутуу шалиг зангаар харьцдаггүй, Хоролмаатай харьцдаг шигээ ерийн сайн санаагаар харьцдаг, нэг хүнээ хэзээд хүндэтгэн явж чаддаг, эр хүн шиг эр хүн дээ. “Амарсанаа” жүжгийн Амарсанаа, Гэрэлгуа, “Шарай голын гурван хаан” жүжгийн Гэсэр, Рогмогуа зэрэг олон дүрд бид хамт тоглосон.
Тэр үнэхээр моринд гарамгай монгол эр байсан болохоор “Сүхбаатар” киноны Сүхбаатарын морьтой давхидаг хэсгүүдэд бүгдэд нь Цэрэндэндэв орлон тоглосон юм. Эмнэг догшин ямар ч адуутай ажиллаж чадна, ан сайн хийнэ, мэргэн буудна. Ер нь эр хүний хийдэг бүгдийг хийдэг сайхан эр хүн байжээ. “Ямар ч сайн дээд мэргэжилтэй жүжигчин байсан Арслан тайжийн дүрийг Цэрэндэндэв шиг бүтээхгүй гэж манай үзэгчид ярьдаг нь үнэн” шүү. Цэрэндэндэв өөрийнхөө дүрийг гүйцэд гаргаж чаддаг жүжигчин байсан. Би Цэрэндэндэвийг дарга, найруулагчидтай өдөр, шөнөгүй найзалж, гүйж байхыг ер үзээгүй. Бас согтуу байхыг нь ч хараагүй. Ер нь тэр үед уудаг хүн цөөн байсан юм уу даа. Үнэндээ Цэрэндэндэв шиг монгол эр одоо кинонд тийм ч элбэг гарахгүй болов уу. Тоглосон дүр Арслан нь “амьд” болсон, хөдөлгөөн бүр нь үзэгчдийн сэтгэлд шингэсэн.
Ч.Долгорсүрэн “Алтан үеийнхний “Цогт тайж” кино” дурсамж ном (Улаанбаатар. 2011. тал 44-45)
“Сүхбаатар”кино. Жанжин Сүхбаатарын орлон тоглогч А.Цэрэндэндэв 1942 он “Хонины булаг” жүжиг. 1943 он. Ван Родриго
“Цогт тайж” уран сайхны кино. 1945 он. Арслан тайж А.Цэрэндэндэв, Дулмаа Л.Цогзолмаа, Төвөдийн элч Е.Гомбодорж
“Хил дээр гарсан хэрэг” уран сайхны кино. 1942 он. Болд А.Цэрэндэндэв, Цэнгэл Ө.Рэнцэнноров