АНУ-ын Засгийн газраас Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аараа дамжуулан “Уур амьсгалд тэсвэртэй орон нутаг” төслийг Монголд хэрэгжүүлж эхэллээ. Байгалийн гамшигт бэлэн байх, улмаар үр дүнтэй хариу арга хэмжээ авах талаар мэдлэг, ойлголттой болоход нь Монголын иргэдэд дэмжлэг үзүүлэх нь уг төслийн зорилго юм байна. USAID болон “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх эл төслийн санхүүжилт нь 7.2 тэрбум төгрөг (2.1 сая ам.доллар) аж. АНУ-ын Элчин сайд Ричард Буанган нээлтийн үеэр “Монгол бол байгалийн гамшигт өртөмтгий орон. Харамсалтай нь, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихэссэн нь ноцтой байдлыг нэмэгдүүлж байна. Энэхүү шинэ төсөл нь байгалийн гамшигт бэлэн байх, хариу арга хэмжээ авахад нь Монголын иргэдэд туслах зорилготой. Мөн USAID-аас амжилттай хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөрүүдэд тулгуурласан төсөл гэдгээрээ онцлогтой” хэмээлээ. Төслийн хүрээнд газар хөдлөлт, ган, зуд, ой, хээрийн түймэр зэрэг гамшиг, ослын үед бэлэн байдлаа хангах, хариу арга хэмжээ авах, яаралтай болон анхны тусламж, гамшгийн төлөвлөлтийн талаар сургалт зохион байгуулах гэнэ. Бас хээрийн мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр малчидтай хамтран ажиллах нь. Ташрамд дурдахад, USAID нь орон нутгийн удирдлагуудтай хамтран гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрүүдийг 2010 оноос хойш хэрэгжүүлж буй бөгөөд үүнд нийт 30 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.