Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 14-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 129 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 85 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 756 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 729 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 2 хэргийн 33 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
-"Х" нь Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
-Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны албан тушаалтан "Б" нар нь иргэний гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх;
-"Э" нь Гаалийн ерөнхий газрын Гашуунсухайт дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
-Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын албан тушаалтан "Э" нь бусдаас хахууль авсан гэх;
-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын албан тушаалтан "М" нь бусдаас хахууль авсан гэх;
-Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн албан тушаалтан "М" нь бусдаас хахууль авсан гэх;
-"З" нь төрсөн дүүтэйгээ давхар түрээсийн гэрээ байгуулан түрээсийн төлбөрөөс зөрүү 50,000,000 төгрөгийг хувьдаа завшсан гэх;
-"М" нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан