Дархан цаазат Богдхан уулын Нүхтийн ам гэр хорооллоос ялгарахааргүй төвлөрлийн бүс болжээ
- Нүхт, Шажин хурах, Тайны аманд газар ашиглалтын даац хэтэрсэн гэж дүгнэв -
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар тухайн хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаадтай хамтран тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглалтын нөөц, даацын удалгаа хийж эхэллээ. БОАЖ-ын айд Б.Бат-Эрдэнэ тус судал-гааны үр дүнд үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын гурван аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглов.
Тодруулбал, энэ сарын 10-наас эхлэн Нүхт, Шажин хурах, 19-нөөс Тайны аман дахь газар олголтыг албан ёсоор зогсоов. Олон нийт энэхүү шийдвэрийг янз бүрээр хүлээн авч байна. Зарим нь “Одооноос боловч ингэж хамгаалах нь зүйтэй” гэж буй бол олонх нь “Ашигладгаа ашиглаад дууссаных нь дараа хамгаалах тухай ярих нь утгагүй” хэмээн бухимдах болов. Харин салбарын сайд “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн зарим хэсэгт хэт төвлөрөл үүсэж, ашиглалтын даац хэтэрснээс байгалийн нөөц хомсдох, улмаар амьтан, ургамлын нөмрөгт сөргөөр нөлөөлөх эрсдэл тулгарсантай холбогдуулан газар олгохыг хориглосон” хэмээн тайлбарласан юм. Эдгээр газарт бодит нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар өнгөрсөн амралтын өдөр Нүхт болон Шажин хурахын аманд очлоо.
ХОТ ДОТОРХ “ХОТ”
Нэгэн цагт Монголын ноёд Богд хаанд бат оршил өргөх (энх тунх байхыг ерөөх) нэрээр хүрээнд цуглахдаа Нүхтийн аманд нууцаар чуулж, Манж Чин улсаас тусгаарлах асуудлыг хэлэлцэж байсан гэдэг. Өндөр гэгээн Занабазарын шүншиглэсэн Жанчивсэмбэ хэмээх мод тэнд байсан тухай домог яриа ч бий. Тиймээс энэ газрыг Дархан цаазат, тусгай хамгаалалттай Богдхан уулын хамгийн хүндтэй хэсэг, хотын дурсгалт газрын тоонд оруулдаг байв. Харамсалтай нь, өдгөө тус бүс түүхэн дурсгалт газар гэхээсээ илүү баячуудын хороолол, хувийн эдлэн болж хувирчээ. Төвлөрлийн хувьд нийслэлийн гэр хорооллоос ялгарах зүйл ер алга. Дутуу бариад орхисон байшин, барилгын араг яс, газар зарна гэсэн зар хаа сайгүй үзэгдэх аж. Хөрөнгө, эрх мэдэлтэй хүмүүс эхэндээ уулын ам, ойн зах гээд аль байгальтай ойр хэсэгт аялал жуулчлалын нэрийдлээр газар авч, амины орон сууц барьдаг байсан бол одоо хаа сайгүй хашаа хатгаж, байшин босгох болсныг иргэд хэлсэн юм.
Сайтар ажиглавал тэндхийн хувийн сууцнуудын дийлэнх нь 2-3 давхар, европ загвар, хэв маягтай, хэр баргийн хүн халдахааргүй хашаа, харуул хамгаалалттай. Энэ нь тухайн бүсэд голдуу бэл бэнчинтэй хүмүүс амьдардгийн баталгаа. Тэрчлэн “Хан төгөл”, “Sunset townhouse”, “City view”, “Солонго”, “Грийн арт”, “Нүхт вилла” зэрэг дээд зэрэглэлийн гэх тодотголтой, тэнгэрт хадсан үнэтэй орон сууц, таунхаус хотхон эл амыг эзэлжээ. Мөн хотын хамгийн үнэтэй цэцэрлэг, зочид буудал, ресторанууд ч тэнд үйл ажиллагаа явуулж байна. Ерөөсөө Нүхтийн аманд байхгүй зүйл алга. Уг нь хууль, журмаараа бол тэнд зөвхөн аялал жуулчлал, судалгаа шинжилгээний зориулалтаар л үйл ажиллагаа явуулах ёстой.
Хан-Уул дүүргийн иргэд сүүлийн үед Нүхтийг зорих нь олширчээ. Ялангуяа өвлийн цагт. Хөл хөдөлгөөн бага, орчин нь цэвэрхэн учраас хүүхдээ салхилуулах гэсэн эцэг, эхчүүд амралтын өдөр тийшээ явах нь түгээмэл аж. Тэд ихэвчлэн “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын гэр бүлийнхний байгуулсан “Ихрүүдийн цэцэрлэгт хүрээлэн”-д саатдаг юм байна. Цэцэрлэгт хүрээлэнг зорин ирсэн иргэд автомашинаа зам дээр байршуулж, зорчих хөдөлгөөнд саад учруулдаг нь энэ “вант улс”-ынхныг ихээхэн бухимдуулах болж. Үүнээс болоод зарим орон сууцын СӨХ “Аравт” хэмээх харуул хамгаалалтын компанийнхныг ажиллуулж, орж, гарч буй хүмүүсийг бүртгэж эхэлсэн нь бөөн хэл ам үүсгэжээ. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан үүнийг хууль бус үйл ажиллагаа гэдгийг СӨХ-нд анхааруулснаар асуудал намжсан гэнэ.
Тус цэцэрлэгт хүрээлэнд өндөр настай ээж, цэцэрлэгийн хоёр хүүхдээ байнга салхилуулдаг нэгэн бүсгүй “Хууль зөрчиж газар авч, байшин барьчихаад биднийг хөөж байгаа нь шударга бус явдал. Жирийн хүмүүс тусгай хамгаалалттай бүсийн ойд зугаалах ч эрхгүй байхад зарим нь үнэтэй хаус барьж, шуналтай гэгч нь том хашаа татаж байна. Энэ нь манай улсын хууль иргэддээ хэр зэрэг ялгавартай үйлчилдгийн нотолгоо” гэв. Салбарын сайдын сүүлд гаргасан шийдвэрийн талаар ямар бодолтой байгааг нь түүнээс лавлахад “Үнэхээр газраа хамгаалах гэсэн үү, эсвэл энд байшин, барилга барьсан хүмүү сийн эрх ашгийг чухалчилсан уу гэдгийг хэлж мэдэхгүй нь” гэсэн юм.
Тэндхийн оршин суугчдаас Нүхтийн амны газар ашиглалт, салбарын сайдын шийдвэртэй холбоотойгоор байр суурь авах гэсэн боловч саналыг минь нааштайгаар хүлээж авах хүн ховор байв. “Грийн арт” хотхоны оршин суугч Б “Хэн ч цэвэр, тохь тухтай орчинд амьдрахыг хүснэ. Тэр үүднээс өнгөрсөн онд энд байр авсан. Манай хотхоны байруудыг улсын комисс хүлээж аваад, ашиглалтын гэрчилгээ олгочихсон юм билээ. Тэгэхээр хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Мэдээж хууль зөрчиж газар авсан, барилга, байгууламж барьсан компани өчнөөн байгаа” хэмээн өмөөрөнгүй ярилаа.
ДАЛД ЭЗЭДТЭЙ АМ
Богдхан уулын зүүн хормойд Төр хурах, Шажин хурах гэж залгаа хоёр ам бий. Богд хаант засгийн үед дээдэс, ноёд төрийн болон шашны хэргээр тус газарт хурдаг байсан учир ийнхүү нэрлэсэн түүхтэй. Төр хурахын ам Нүхтийн нэгэн адил эрх мэдэл, бэл бэнчинтэй хүмүүсийн эдлэн газар болоод удаж буй. Харин Шажин хурахыг Богд уулын амнуудаас онгон дагшин хэвээр үлдсэн ганц нь гэлцдэг байв. Гэтэл бодит байдалд тийм биш аж. Тус хэсэгт нүдэнд торох, хүний анхаарал татах барилга, байгууламж үгүй учраас л иргэд, олон нийт ийнхүү дүгнэдэг байж. Үнэн хэрэгтээ тэнд газар ашиглах тусгай зөвшөөрөл авсан хүн цөөнгүй аж. Газрын энгээр татсан эзэнгүй, том хашаанууд ч үзэгдэв.
Энэ ам Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхор өртөөний урд талд байрладаг. Шажин хурах, Хонхор тосгоныг төмөр зам заагладаг юм билээ. Нийслэлчүүд тус амны нэрийг нь өчнөөн сонссоноос биш, байршлыг нь тэр бүр мэддэггүй. Хаяа залгаа орших Хонхор тосгоны зарим иргэн ч “Аль нь Бумбат, Төр хурах, Шажин хурахын ам болохыг мэдэхгүй. Зэрэгцээ байрладаг гэсэн” хэмээн ярьж байлаа. Тэнд дэлгүүр ажиллуулдаг нэгэн гэр бүлийнхэн “Улс төрч, бизнесменүүд уг амыг хуваагаад авчихсан гэж ярьдаг. Үнэн, худлыг нь мэдэхгүй. УИХ-ын даргаар ажиллаж байсан нэгэн хүн энд дангаараа 40 гаруй га газар эзэмшдэг гэсэн яриа ч байдаг. Алхах, салхилах гэсэн хүмүүс зун, хавар их ирдэг. Бусад цагт нам гүм. Бид дархан цаазтай гэдгээс нь сүрдээд бараг зүглэдэггүй. Гоожуурын рашааныг зорьж ирсэн хүмүүс л ямар газар гэдгийг нь мэдэхгүй учраас уул, мод бараадах гэж тийшээ явж байгаа харагддаг. Байгаль хамгаалагчид байнга эргүүл хийдэг” хэмээн ярьсан бол бидэнд замчилсан залуу “Одоохондоо тэнд суурьшил бий болоогүй учраас хөл хөдөлгөөн бага. Том “Жийп”-тэй хүмүүс үе үе явж байгаа харагддаг. Газар үзэж байна гэж боддог. Ойрын үед тийшээ тээврийн хэрэгсэл яваагүй учраас цасанд суухаас болгоомжлоорой” гэж анхааруулсан юм. Түүний хэлсэнчлэн Хонхор өртөөнөөс Шажин хурахын ам хүртэлх хэсэг цас ихтэй, ойрд машин яваагүй байдалтай харагдав.
Өртөө, тусгай хамгаалалттай газрын уулзвар хэсэгт нэгэн морьтой хүнтэй таарсан нь тус амыг хариуцдаг туслах байгаль хамгаалагч Н.Рэнцэнсамбуу байв. Тэрбээр “Хэн, хэчнээн га газар эзэмшдгийг мэдэхгүй. Цөөнгүй хүн бий гэдэг. Одоогоор том хэмжээний хоёр хашаа байгаа. Газар авсан хүмүүс тэмдэг, тэмдэглэгээ тавьдаг. Цас дараад юу ч харагдахааргүй болсон. Төрийн өндөр албан тушаалтны хамаатны гэх хүмүүс ноднин өвөлжингөө энэ хавиар эргэлдсэн. Сураг дуулах нь ээ, газар авах гээд л явсан бололтой. Налайх дүүргийн иргэд тэднийг сайн таньж байна лээ. Зун энд гэр барьж, тарвага “боож идээд”, хэсэг байж байгаад нүүсэн. Шажин хурахын ам Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хамаардаг учраас нутгийн иргэд нь газар авна гээд бөөн хэл ам үүсгэдэг. Одоохондоо цас ихтэй, хөл хөдөлгөөн сийрэг учраас байгаль хамгаалагчдад эргүүл хийхэд амар байна” хэмээн ярилаа.
ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМРӨВ
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас өгсөн мэдээллээр Нүхтийн ам 182.69 га талбайтайгаас 102.6, Шажин хурахад 102.46 га газар хамаардгаас 11.78 га-г иргэн, хуулийн этгээдэд олгосон гэх. Харин Жаргаланттай залгаа орших Тайны амны 64.32 га талбайгаас 20.3 га-г нь бусдад ашиглуулахаар зөвшөөрөл олгоод буй аж. Эдгээр тооноос дүгнэхэд Нүхтэд газар олголтын хэмжээ өндөр, бусдад нь харьцангуй гайгүй юм шиг харагдаж байгаа юм. Гэхдээ албаны хүмүүс эдгээр газарт ашиглалтын нөөц, даац хэтэрсэн гэж дүгнэсэн. Үүнд үндэслээд тусгай зөвшөөрөл нэмж олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгэхээр зүй бус ашиглалт, хууль, журмын хүрээнээс хальсан асуудал байгаа нь тодорхой. Тоонууд ч бодитой, эсэх нь эргэлзээтэй. Нүхтийн амны 182.69 га талбайгаас 102.6 га-г нь бусдад олгосон байлаа гэхэд цаана нь ашиглах боломжтой 80.09 га талбай үлдсэн гэж ойлгох нь өрөөсгөл. Тухайн газар нутгийн даац, олговол зохих талбайн хэмжээ гэж бий. Шажин хурахын амны 102.46 га газраас 11.78 га-г иргэн, хуулийн этгээдэд ашиглуулахаар олгосон байгаа нь үлдсэн 90.68 га талбай аюулгүй гэсэн үг биш. Энэ хэсэгт(11.78 га) дархан цаазат бүсийн экосистемд нөлөөлөхүйц хэмжээнд, тооцоолол, төлөвлөлтөөс давсан тооны хүнд газар олгосон байж ч болно. Тэгэхээр дан ганц дээрх тоогоор тусгай хамгаалалттай бүс нутгийн газар ашиглалтыг дүгнэх боломжгүй. Угаасаа тус ууланд аялал жуулчлал, эрдэм шинжилгээнийхээс бусад зориулалтаар газар олгох хууль, эрх зүйн үндэслэл ч байхгүй шүү дээ.
Бодхан уул 34 амтай. Үүний гурвыг нь ашиглалтын нөөц, даац хэтэрсэн гэдэг шалтгаанаар “актлаад” байна. Тусгай хамгаалалттай бүс нутгийн мэдээллийг цахимжуулах, ил тод болгох ажлын хүрээнд хяналт, шалгалт, судалгаа үр гэлжилж буй учраас үүний араас дахин хэд хэдэн амыг “актлах” магадлалтай. Ар зайсан, Бага тэнгэр, Залаат, Хүрхрээ, Хүрэл тогоотын ам орон сууц, хаус хорооллоор дүүрч, Нүхтийн араас орох тун ойртсон. Үндсэндээ хөрөнгө, эрх мэдэлтэй хүмүүс Богдхан уулын хойд хэсэг буюу нийслэлтэй хаяа залгаа амнуудыг хашаалж дуусгаад, өдгөө өмнөд хэсэг рүү нь дайрч эхэллээ. Яг үнэндээ тодорхой хэсгүүдэд хориг хязгаарлалт тогтоосон нь дээрх иргэний хэлсэнчлэн өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн, тэнд хууль зөрчин газар авсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр боллоо. Дараагийн сайд энэхүү тушаалыг цуцлахад л Богдхан уулын үлдсэн ам хэдхэн жилийн дотор Нүхт шиг болно. Угтаа бол тусгай хамгаалалт тай бүсэд хууль зөрчин газар олгосон, “төвхнөсөн” хүмүүст хариуцлага тооцох нь хамгийн зөв шийдвэр байлтай. Энэ нь үе үеийн БОАЖ-ын сайд, нийслэлийн удирдлага, аялал жуулчлал нэрийдлээр газар авч, орон сууц барьсан барилгын компаниуд, мөнгө, эрх мэдлээрээ далайлгасан улстөрч, бизнесийн салбарын “томчуудад” хамаатай. Тусгай хамгаалалттай бүсэд хууль бусаар газар олгосон, авсан хүмүүст ямар хариуцлага ногдуулах вэ гэсэн асуултад БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан лав хариулж чадсангүй. Бага тэнгэрийн аманд хууль зөрчин 40 барилга барьсан компанид гэхэд торгуулийн арга хэмжээ авна гээд сууж байна. Хууль зөрчсөн нь хожиж, шударгаар явсан нь хохирдог нийгэм ажгуу.
Богд хан уулын зүн хормойд орших Шажин хурахын ам