Хууль, хүчний байгууллагыг удирдаж буй, хүний эрхийн наад захын мэдлэггүй, мэдрэмжгүй хүмүүстээ хариуцлага тооцох цаг нь болсон юм биш үү, Ерөнхий сайд аа, Д.Амарбаясгалан дарга аа.
Засгийн газраас Хүний эрхийг хангах үндэсний хороог өнгөрөгч есдүгээр сард байгуулсан. Ердөө өнгөрсөн пүрэв гарагт анхны хуралдаанаа хийсэн бөгөөд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд онцгойлон анхаарахыг тус хороог удирдаж буй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан сануулсан юм. Гэвч хэлснийг тань хийдүүлдэг, хэрэгжүүлдэггүй төрийн албан хаагчид чинь дахиад л алдаа гаргалаа. Үнэндээ тэд хүний эрхийн ямар зөрчил гаргаснаа ч мэдэхгүй байх шиг.
Дархан-Уул аймгийн Дархан сум дахь гэрээсээ 16 настай охин Б нь энэ сарын 4-нд “Ангийнхаа хүүхэдтэй уулзана” гэж хэлж гараад, өнөөдрийг хүртэл сураггүй байна. Энэ талаарх мэдээллийг арваннэгдүгээр сарын 10-нд цагдаагийн байгууллагад ирүүлснээр эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.
Лав л нийгмийн сүлжээнд охины зураг, онцлог шинжийг мэдээлсэн, цагдаагийн байгууллагын албан ёсны зарыг хүмүүс олноор хуваалцан, түгээхдээ “Олдоосой” хэмээн хүсэж байсан нь эргэлзээгүй. Харин өнгөрсөн баасан гарагт Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс 16 настай охин Б-г хамаарал бүхий этгээдийн хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсан болохыг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож, ар гэрт нь хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулж буйгаа мэдэгдэв. Харамсалтай нь, өчигдөр оройны байдлаар охин нь эсэн мэнд, эсэх нь тодорхойгүй, дуу хоолой, зүс царайг нь утсаар ч болов харж, сонсохын хүслэн болсон эх нь чимээ чагнан сууна. Учир нь эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосноос хойш буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагынхан, уг хэргийг хариуцсан байцаагч нь “Хуралтай байна” хэмээн холбогдохгүй байгаа тул утсаа чагнахаас өөрийг хийж үл чадахаа ээж, эгч нь учирлав.
Энэ зуурт охиныг төдийгүй эцэг, эхийг нь нийтээрээ, нэн ялангуяа нийгмийн сүлжээнд “ялласан” нь хамгийн аймаар. Эсэн мэнд эргэж ирлээ ч элдэв дарамтгүй, эрүүлээр сэтгэж, ичиж, айлгүй амьдрах орон зайгүй болтол нь олноороо шүүлээ. Учир нь цагдаагийн байгууллагаас өнөөх охиныг өнгөрсөн хугацаанд хэнтэй, хаашаа, юу хийж явсан талаарх мэдээллийг ил болгочихов. Өчигдөр орой мэдээллийн зарим эх сурвалжид ЦЕГ-ын эрх бүхий албан тушаалтан мэдээлэл өгөхдөө охины гэрээс гараад явсан маршрут, зорчсон тээврийн хэрэгсэл гээд нэлээд нарийн зүйлсийг нээлттэй нэрлэчихлээ. Улмаар ар гэрийнхнээс нь өгч буй зөрүүтэй мэдээллээс үүдэн эргэлзээтэй байдал үүссэн юм. Хамгийн гол нь хэдхэн хормын өмнө хүмүүсийн эвийлж, хөөрхийлж байсан охин цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллийн дараа “том толгойтой”, хүмүүжилгүй нэгэн болж хувирах нь тэр. Гэвч эх нь “Охиныхоо нэр хүндийг бодох ч сөхөөгүй сууна. Амьд байгаа, эсэхийг нь л мэдмээр байна. Эсвэл үхчихээд байгааг нь цагдаагийнхан нуугаад байгаа юм болов уу” хэмээн хоолой зангируулан сууна. Цагдаагийн байгууллагын товчхон мэдэгдэлд дурдсан “хамаарал бүхий этгээд” болох 21 настай залууг дагаад 20 шахам хоног алга болсон хэмээн охиныг чичилж, шившиглэж байна. “Хамаарал бүхий этгээд” гэж хэн болохыг манай олон хуульд зааж, тодорхойлсон байдаг. Тухайлбал, гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэвэл эхнэр, нөхөр, төрөл садан, хамаатан садан, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, тухайн айлд ямар нэгэн шалтгаанаар амьдарч байгаа хүмүүсийг нэрлэдэг. Тэгвэл 16 настай, насанд хүрээгүй охины хувьд ар гэрийнхэн нь ч үл таних, “хамаарал бүхий этгээд” гэж хэн болохыг цагдаагийнхан л сайн мэдэж буй бололтой. Мэргэжлийн байгууллага учраас мэдэж болохыг үгүйсгэхгүй ч ингээд олон нийтэд дэлгэж, хүний эрхийг уландаа гишгэх нь байж боломгүй зүйл юм.
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг энэ оны тавдугаар сараас мөрдөж буй. Уг хуулиар хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Хүний хувийн мэдээлэл гэж хүний эмзэг мэдээлэл, хүний эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, газар, оршин суугаа хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлэхээр хуульчилсан юм. Эдгээр мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахдаа хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу, үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх зарчим баримтлах ёстой. Дээрх тохиолдолд мэдээллийн эзэн болох 16 настай охин Иргэний хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу насанд хүрээгүй, иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай тул түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эхийн зөвшөөрлөөр ажиллах байсан атал ар гэрийнхнийх нь ч аваагүй мэдээллийг цагдаагийнхан ийнхүү цацчихлаа. Уг нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 6.2-т төрийн байгууллага хувь хүний мэдээллийг ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлөөс гадна мэдээллийн эзний амь нас, бие махбод, эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстойг тухайлан заасан байдаг.
Охины ар гэрийнхэн одоо хаана хандахаа мэдэхгүй байгаа. Хүүхдээ хаана байгааг мэдэж, олуулах гэж цагдаагийн байгууллагад хандаад, эцэст нь нэр хүндийг нь сэргээх гэж дахиад энэ газартаа хандах ёстой юм уу хэмээн гайхширч буй. Харин ямар арга хэмжээ авбал төрийн байгууллага, тэр дундаа хууль, хүчнийхэн хүний эрхийг дээдэлж, зөрчихгүй ажиллах ёстой юм бол. Тэд хүний эрхийн мэдлэг, мэдрэмжгүйгээ олон удаагийн үйлдлээрээ үзүүлж байгаа учраас ийм бодолд ээрэгдэв. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө шатаан, нас барахад Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү талийгаачийг эрхэлсэн тодорхой ажилгүй, шатахуун түгээх станцуудын ойролцоо CD борлуулдаг байсан гэх зэргээрмэдээлж байв. Үнэндээ “Үхэхэд гарзгүй хүн” гэж хэлж буйгаас өөрцгүй гэж хэлж байгаа мэт санагдтал ярьсныг нь тухайн үед хүмүүс шүүмжилж байв. Өнгөрсөн жилүүдэд цар тахлын эхэн үед халдвар тараасан гэх хүмүүсийг хаагуур, хэнтэй, юу хийж явсныг нь төрийн байгууллагууд дэлгэж амжсан удаатай. Мөн хууль, хүчний байгууллагынхан хүний үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг зөрчдөг, мэргэжлийн алдаа гаргадаг гэх зэрэг шүүмжлэл нэлээд бий. Энэ удаа цагдаагийнхан хүүхдийн эрхийг ноцтой зөрчлөө.
Ташрамд дурдахад, Б охины ар гэрийнхэн аргаа барахдаа Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд хандаж, тусламж хүсэх гэсэн ч чадаагүй аж. Ард түмнээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд нь уламжилж, хэрхэн шийдвэрлэж байгаад нь дүн шинжилгээ хийж, шаардлагатай бол мөрөөр нь хяналт, шалгалт явуулах Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг ирэх оноос байгуулан өргөжүүлэх гэж байгаагийн хувьд сайд Д.Амарбаясгалан үүнд илүүтэй анхаарна уу. Учир нь уг байгууллагыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд тохируулагч агентлагийн статустайгаар байгуулах юм.