Цагдаагийн байгууллагад 2022 оны арваннэгдүгээр сарын 10-нд Дархан-уул аймгийн иргэн Д-ээс “16 настай охин Б нь 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй алга байна” гэх гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Цагдаагийнхан мэдээллийн дагуу эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг эхлүүлсэн аж. Шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон Б нь 2022 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирээд, 2022 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самранд явсан нөхцөл, байдал тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж, Түнхэл тосгонд ажиллаж байгаа гэнэ. Охины очсон гэх газрын нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том, том голуудтай гэнэ. Тухайн газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байдаг, Зил-131, Урал зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй зэргээс шалтгаалан охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаа аж. Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд цаашид эрэн сурвалжлах шаардлагагүй нөхцөл, байдал бий болсон тул эрэн сурвалжлалтыг зогсоож, өнөөдрийн байдлаар ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр эрлийн баг тухайн газарт ажиллаж байна. Улмаар цагдаагийн байгууллагаас сураггүй болсон охины аав, ээжтэй уулзаж, тэднийг охиныхоо араас яваач хэмээн хүсэлт тавьжээ.