Нийслэлийн Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхэд хоолны хордлогод орж эмнэлэгт хүргэгдсэн. Тэд Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн Б1 давхрын танхимд хичээллэж байх үед 1 сурагч таталт өгсөн, 4 сурагч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдсэн. Мөн ангийнх нь бусад хүүхдүүдэд ч дээрх шинж тэмдэг илэрсэн юм. ХӨСҮТ-ийн Тандалтын баг тэднээс шинжилгээ авсан.
Үүнээс гадна Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн яамны баг хордлого юунаас болсныг тогтоохоор ажиллаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Сургуулийн орчинд Онцгой байдлынхан цацрагийн хэмжилт хийхэд хэвийн хэмжээнд гарчээ. Мөн сурагчдын ширээ сандалд хэмжилт хийхэд химийн хорт бодис, цацрагийн төрлийн туяа илрээгүй аж. Харин урьдчилсан байдлаар шавж устгалын бодис нь хөнгөн цагааны фосфатаас гаралтай байж болзошгүй гэдэг дүгнэлт гаргаад байна. Хүүхдүүдийн цусны шинжилгээний хариу өнөөдөр орой гарна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.