Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд салбар дундын болон аж ахуй нэгж, иргэдийн оролцооны шинэ хандлагыг бий болгох, эрүүл мэндийн байгууллагуудын цахим шилжилтийн үйл явцад дэвшил гаргах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор НЗДТГ, НЭМГ хамтран зохион байгуулсан буй “Ub healthe care week” үзэсгэлэн гурван өдөр болж дууслаа. Тус үзэсгэлэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, Мэдээлэл технологийн компаниуд болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинэ технологи, менежментийг танилцуулан туршлага солилцсон байна.
Нээлтийн үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Эрүүл мэндийн салбарт бодлогоор хэрэгжүүлж буй олон шинэчлэлийн ажил өнөөдрийн үзэсгэлэнд танилцуулагдаж байна. Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр эмнэлгүүд ард иргэдэд тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэвэл санхүүжилт их авдаг болсон. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд бие даан хөгжих, техник технологио шинэчлэх, эмч, мэргэжилтнүүдийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт маш олон эерэг үр дүн гарч байна. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн байгууллагууд 259 ажилчинд байрны урьдчилгаа болох 20-30 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгон эмч, мэргэжилтнүүд байрандаа эхнээсээ орсон бол эмнэлгүүд эмч, ажилчдынхаа цалинг 10-50 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн байна.
Бид эрүүл мэндийн салбарыг зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг гэж л ойлгож, эмнэлгийг шүтэх тогтолцоотой байсан бол одоо цаг үе өөрчлөгдөж, өвчин тусахаас нь өмнө урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллаж байна. ” гэдгийг энэ үеэр онцоллоо.