Цахим халдлага үйлдэж буй этгээдүүд нь фэйсбүүкийн “Хуучин машины зар, гар утасны хар зах, цагийн ажил” гэх мэт группүүдэд “Ковидын судалгаанд хамрагдаад 50,000 төгрөг аваарай”, “40-өөс дээш насны хүмүүсийг урамшуулалт судалгаанд хамруулна, халамж тараана” гэх хуурамч зар байршуулж сонирхсон иргэдээс гар утсанд ирсэн баталгаажуулах кодыг хуурч мэхлэх замаар олж аван фэйсбүүк хаягт нэвтэрчээ. Улмаар тэдний фэйсбүүкээр дамжуулан залилах гэмт хэрэг үйлдсэн байна. Дээрх гэмт үйлдлийн аргаар гэмт хэрэг үйлдсэн Б.С, Б.Э нарыг энэ оны аравдугааар сарын 17, 19-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна. Тэд одоогийн байдлаар 150 орчим үйлдлээр иргэдэд 100 орчим сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоон шалгаж байна.