“Ковид-19”-ийн тархалт ихэссэний зэрэгцээ улирлын томуу газар авч байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. Тус газрын дарга Б.Бямбадорж “Улирлын томуу, “Ковид”-ын дэгдэлт зэрэгцэж байна. Улирлын томуугийн идэвхжил хоёр долоо хоногийн өмнөөс ихсэж, орны ачаалал нэмэгдсэн. Өнөөдөр ч идэвхжлийн зэрэг өндөр хэвээр. Өнгөрсөн долоо хоногт өдөрт “Ковид”-ын халдвар авсан иргэдийн тоо гурван оронтой тоонд орсон буюу хамгийн ихдээ 306 хүн бүртгэгдсэн. Цаашид ч “Ковид”-ын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Одоогоор омикроны шинэ хоёр хувилбар бүртгэгдсэн ч вакцинжуулалтын идэвх сул байгаа. Иймд иргэд олон нийтийн газар, дотор орчинд амны хаалт зүүж хэвших шаардлагатай байна” хэмээлээ.