Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар нар Хан-Уул дүүргийн VIII хороо буюу Яармаг орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор үрээлэнг байгуулахаар санамж бичигт тусгажээ. Мөн орчин үеийн морин тойруулга, цэцэрлэгт хүрээлэн бүхий аялал жуулчлал, спортын цогцолбор байгуулах төслүүдэд төр, хувийн хэвшил хамтран ажиллахаар тус санамж бичгийг байгуулсан юм. Үүний хүрээнд талууд нийтийн эдэлбэр таван га газарт олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газарт орчин үеийн морин тойруулга, цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлал, спортын цогцолбор бүтээн байгуулах хоёр төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Хамтран ажиллах санамж бичигт тусгаснаар аж ахуйн нэгж тус бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилтийг шийдвэрлэнэ. Тодруулбал, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татах ажлыг тэд зохион байгуулж, бүтээн байгуулалтаа дуусгаж, ашиглалтад оруулах үүрэг хүлээж буй. Харин нийслэлээс төслийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж, олбоотой хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, батлуулахтай холбоотой асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм.