Энэ сарын 13-19-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Фужайрах хотод зохион байгуулагдаж буй 45 дахь удаагийн Шатрын Бодлого Бодолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Алдар" спорт хороо, "Элит брейн" академийн тамирчин Шатрын их мастер, Бодлого бодолтын дэлхийн шатрын холбооны мастер СУМЬЯАГИЙН БИЛГҮҮН түүхэн амжилт гаргалаа.
Дэлхийн 30 орны шилдэг 82 бодогч нийт 18 даалгаврыг 6 үед бодож өрсөлдсөн энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Шатрын их мастер С.Билгүүн боломжит 90 оноос 77,75 оноотой шагналт 4-р байр эзэлж бодлого бодолтын Их Мастер цолны анхныхаа нормыг биелүүллээ.
Нэг мянган жилийн түүхтэй урлагийн элементийг түгээн шингээдэг,комбинацийн төрөл бүрийн санааг уран сайхны хэлбэрээр илэрхийлдэг шатрын шигтгээ болсон төрөл бол шатрын бодлого, этюд зохиомж юм. Дэлхийд Шатар тоглолтын болон Бодлого бодолтын төрлөөр давхар их мастер цолтой 10 хүрэхгүй тамирчин байдаг гэдгийг зохион байгуулагчид хэлж онцгой амжилт ойрхон байгааг манай тамирчинд санууллаа.
С.Билгүүн маань III үе хүртэл тэмцээнийг тэргүүлж байсан хэдий ч HELPMATE буюу Хамжаа мадны үе дээр чухал оноонуудыг алдаж медалиас атгаад алдсан ч цаашид ямар нөөц бололцоо байгааг харуулсан сайхан тэмцээн болсоныг албаныхан онцлов. Мөн энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон их мастер С.Билгүүний дүү бодлого бодолтын спортын мастер С.Чингүүн 47.5 оноо авч 49-р байрт шалгарсан.
Их мастер С.Билгүүн өмнө нь 2015, 2017, 2021 онуудад бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан билээ.