Говийн их дархан цаазат газрын А хэсэг буюу Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс мазаалайн сэг зэм олдсонтой холбогдуулан БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн мэргэжилтнүүд уг амьтны үхлийн шалтгааныг тогтоохоор орон нутагт ажилласан. Тэд говийн баавгай экологийн доройтлын улмаас үхсэн гэж дүгнэжээ. Тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайгаас үүдэлтэй дуу чимээ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, цавчаал, уст цэгийн хүртээмжгүй байдал, идэш тэжээлийн хомсдол, байгаль, цаг уурын өөрчлөлт зэрэг нь мазаалай идээшил нутгаасаа дайжих, харангадаж үхэх гол шалтгаан болж байна гэж ажлын хэсгийнхэн дурдав. Иймд зэрлэг амьтдад зориулсан уст цэг олноор бий болгох, хулан, хар сүүлт, мазаалай, хавтгайн байршил, нөөц, нүүдэл, шилжилт хөдөлгөөний судалгааг шинээр хийх, говийн баянбүрдүүдийг тэтгэдэг загийн тархцыг тогтоох, хамгаалах, тусгай хамгаалалттай газрын орчны бүс дэх уул уурхайн компаниудын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хянан магадлах, “урт нэртэй” хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарах шаардлагатай гэсэн саналыг холбогдох байгууллагад хүргүүлжээ.