Монголын Уран зургийн галерей хэмээх төрийн өмчит, 31 жилийн түүхтэй байгууллагын барилга, сан хөмрөгт хадгалагдаж буй уран бүтээлүүд өнөөдөр эрсдэлд ойрхон байна. Бодит нөхцөл байдлын талаар Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа болон уран бүтээлүүдээрээ алдаршсан зураачид, холбогдох бусад байгууллагын төлөөлөл мэдээлэл хийсэн юм. Энэ галерейнхан Соёлын төв өргөөний нэг хэсэгт 2500 ам метр талбай түрээслэн төлбөр төлж, үйл ажиллагаа явуулдаг. Зураачдын 4000 гаруй сор бүтээлийг таван том сан хөмрөгт хуваан хадгалж, үзэсгэлэн зохион байгуулан олны хүртээл болгосоор иржээ. Төрийн өмчит энэ галерейн байранд ус алдах, гал гарах зэрэг гэнэтийн хүчин зүйлүүд тохиолдож, сан хөмрөгт нь хадгалж буй сор бүтээлүүд шатах, норох, хулгайд алдах зэргээр эрсдэлд ойрхон байгаа юм. Тухайлбал, 2008 оны долдугаар сарын 1-нд нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр, 2009 оны тавдугаар сарын 19-нд цахилгааны богино холболтоос үүдэн гал гарч Ардын зураач Д.Амгалан, О.Цэвэгжав, Г.Одон, Н.Цүлтэм, Ү.Ядамсүрэн тэргүүтэй Монголын алтан үеийн ахмад уран бүтээлчдийн нийт 900- гаад бүтээл өртсөн байдаг. Тэдгээрийг сэргээн засварлах төсөл 2009-2015 онд хоёр ч удаа хэрэгжүүлж, 600 орчим зургийн зөвхөн хөө тортгийг цэвэрлэжээ. Түүнээс хойш сэргээн засварлах ажиллагаа төсөв санхүү, мэргэжлийн боловсон хүчнээс шалтгаалан удааширснаар Монголын дүрслэх урлагийн олон сор бүтээл устаж үгүй болох аюул нүүрлэсэн байна. Тиймээс Уран зургийн галерейнхан нэг бус удаа хаалттай үзэсгэлэн зохион байгуулж, төр, засгийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад үзүүлсэн боловч үр дүнд хүрээгүй аж. Харин 2020 онд өнөөгийн Төрийн тэргүүнийг Ерөнхий сайд байхад нөхцөл байдлаа танилцуулснаар Засгийн газрын хуралдаанаар Уран зургийн галерейг Үндэсний уран зургийн галерей болгон өөрчлөх, орон тоо, төсвийг нь нэмэх, галд өртсөн бүтээлүүдийг сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэх, “Их тэнгэр” цогцолборт байгаа нэр бүхий зураачдын бүтээлийг тус галерейд шилжүүлэх зэргийг шийдвэрлэхээр тэмдэглэлдээ тусгасан байна. Үүнээс 2022 онд Дэлхийн соёлын өвийг хамгаалах сангийн 100 000 еврогийн буцалтгүй тусламжаар олон улсын жишигт нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий лаборатори байгуулснаа өчигдөр танилцуулж, хэвлэл мэдээллийнхэнд үзүүлсэн. Гэвч энд ажиллах боловсон хүчний цалин, урсгал зардлыг хэдхэн хоногийн өмнө баталсан 2023 оны улсын төсөвт тусгаагүй, шийдвэрлэлгүй орхижээ.
Харин 1989 онд “Их тэнгэр” рүү шилжүүлсэн 40 бүтээлээс 17-г улсын сан хөмрөгт буцаан авсан бол тодорхой тооны уран зургууд алба болсон, солигдсон нь тооллого, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт зэргээр батлагдсан юм. Тиймээс Уран зургийн галерейнхан цагдаа, прокурорын байгууллагад алга болсон, солигдсон зургийг олж илрүүлэх, ийм хууль бус үйлдэл хийсэн эзэн холбогдогчийг нь олж тогтоох хүсэлт гаргаснаар ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн юм. Үүний хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий хүн буюу хадам дүү Х.Болдбаатарынбайгуулсан галерейд 2019 онд хууль сахиулах байгууллагынхан үзлэг нэгжлэг хийж, хэд хэдэн уран зураг хураан авсан байдаг. Гэвч НПГ-ын хяналтын прокурорын 172 дугаартай тогтоолоор уг хэргийг гэмт бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Энэ талаар Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа “Монгол арт” галерейгаас “Бугуйлч” гэдэг бүтээл гарч ирсэн” гэсэн мэдээлэл өгсөн. Тэгвэл прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд “С.Нацагдоржийн 1960 онд бүтээсэн 5592- 297 дугаартай уран зургийн бүтээлийн Уран зургийн галерейд хүлээлгэн өгөх, Содномцэрэнгийн Дорноговийн нутаг, Д.Амгалангийн “Ээж уул”, С.Рэнцэнгийн 50х62 см хэмжээтэй 1982 гэсэн бичигтэй нэг, М.Цэмбэлдоржийн “Зуны орой”, Н.Цүлтэмийн “Далайн эрэг”, Д.Амгалангийн “Наран Бэгэр”, М.Цэмбэлдоржийн нэр тодорхойгүй нэг гээд нийт есөн ширхэг бүтээлийг иргэн Х.Болдбаатарт буцаан хүлээлгэн өгөхийг ЭЦА-ны мөрдөгчид даалгасугай” гэжээ.
Уран зургийн галерейн сан хөмрөгт бүртгэлтэй, Монголын зураач урчуудын бүтээсэн сор бүтээлүүдээс ийнхүү хэрхсэн нь тодорхойгүй олон зураг алга болсон хэргийг прокурорын шийдвэрээр хаасанд тус галерейнхан төдийгүй, зураачид ч сэтгэл дундуур байгаа юм. Тэдний төлөөлөл болсон Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Н.Орхон “О.Цэвэгжав багшийн бүтээсэн “Азарганы ноцолдоон” гэх алдарт зураг солигдсон нь гарцаагүй байгаа. Мөн “Ажлын дараа” гэдэг зураг ч бас эргэлзээтэй санагдах болсон” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.
Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа зургууд ийнхүү солигдсон, гал, усны эрсдэлд байгаа зэргээс шалтгаалан зураачид улсын сан хөмрөгт бүтээлээ худалдах нь цөөрч буйг ч хэвлэлийн хуралд оролцогчид онцолсон юм.