“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын төсвийн хөрөнгө болон олон улсын байгууллагуудын дэмжлэгээр ойн ангиудыг шаардлагатай техник хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулж буй. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслөөс өчигдөр Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн сум дундын долоон ойн ангид “Lovol-904” загварын дунд оврын тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өглөө. Энэ нь 90 морины хүчин чадалтай бөгөөд газар тариалан, мод тарих үйл ажиллагааг хөнгөвчлөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Үүнд 970 гаруй сая төгрөг зарцуулжээ. Эдгээр техник хэрэгслийн ашиглалт, угсралт, засвар үйлчилгээ зэргийг “Мөнх ногоон тал” ХХК хариуцаж, ойн ангийн инженер, жолооч нарыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулан, чадавхжуулахаар болжээ. Сум дундын ойн ангиудыг орчин үеийн, өндөр хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжөөр хангаснаар ойн салбарын үр өгөөж, бүтээмж дээшилнэ гэж үзэж буй аж.