Ахуйн хэрэглээнээс бусад зүйлд зарцуулах гадаргын усыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн 16 бүсэд хөв цөөрөм байгуулахаар төлөвлөж буйг БОАЖЯ-наас өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг санаачилгыг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тус банкны дэргэдэх Ядуурлыг бууруулах Японы сан, Өндөр түвшний технологийн сан 2018-2022 онд манай улсад “Усны засаглалыг шинэ замаар хэрэгжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд усны менежментийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлд дахин нэг сая ам.долларын техникийн төсөл хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийлээд байсан нь талууд хамтран ажиллах нөхцөл болсон аж . Одоогоор санхүүжүүлэгч байгууллагын зүгээс “16 хөв цөөрөм” төсөлд буцалтгүй тусламжаар нэг сая ам.доллар зарцуулахаар төлөвлөөд буй ч шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Тэрчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгж үүлэхээр төлөвлөж буй “Хөх морь” төсөлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон аж.