АНУ-ын үндэстэн дамнасан “Hewlett Packard” ажилтнууддаа анхаарал хандуулж, цар тахал дэгдсэн үед буюу 2020 оны дөрөвдүгээр сард алдартай дижейг урьж, “Zoom”-ээр холбогдон, үдэшлэг зохион байгуулахад удирдлага, өөр өөр улсад үүрэг гүйцэтгэдэг ажилтнууд нь гэр гэрээсээ оролцжээ. Мөн ажлын цагаар ч эмчээс зөвлөгөө авах, өндөр зэрэглэлийн тогоочийн хичээл, өөр бусад сургалтад хамрагдах боломжоор хангасан аж. Түүнчлэн “Amazon” компани 2020 оны зургадугаар сард ажлын байрандаа очиж ажиллаж буй хүмүүстээ 500 сая ам.долларын бонус олгож, өдөрт 650 цэгт 50 мянган ажилтнаасаа “Ковид-19”-ийн шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байлаа. Ажилтнуудынхаа сэтгэл ханамжид энэ мэтчилэн анхаардаг компанийн тоо олширч буй нь ESG хэмээх ойлголтоос үүдэлтэй.
Өдгөө компаниуд ESG (environmental, social and governance буюу байгаль орчин, нийгэм ба засаглал-БОНЗ)-д ихээхэн анхаарал хандуулах болов. Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа харгалзан үздэг хөрөнгө оруулалтын энэ философи нь тухайн компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн чадавхтай, эсэхийг хэмжих чухал шалгуур гэхэд болно. БОНЗ-ын байгаль орчны үзүүлэлтэд хүлэмжийн хий, эрчим хүч ний хэрэглээ, сэргээгдэх эрчим хүч, хогхаягдлын менежмент, эко системийн нөлөөлөл, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний инновац зэрэг хүчин зүйлийг харгалзан үздэг. Нийг мийн үзүүлэлтэд хөдөлмөрийн стандарт, ажилтнуудын эрүүл мэнд, сэтгэл ханамж, хэрэглэгчийн аюулгүй байдал, орлогын тэгш хуваарилалт зэргийг хамруулдаг аж. Тэгвэл засаглалын үзүүлэлтэд бизнесийн зарчим, ТУЗ-ийн бүтэц, гишүүнчлэл болон хяналт, хувьцаа эзэмшигчдийн эрх гэх мэт хүчин зүйлийг багтаан үздэг байна. Өнөө үед улс орнуудын Засгийн газар, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой явуулахын тулд байгаль орчин, нийгэм, засаглалын сорилтуудтай нүүр тулж буй. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, үйлдвэрлэлээс үүдэн байгаль, экологид үзүүлж буй сөрөгнөлөө, ядуурал, хөрсний доройтол, байгалийн баялгийн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг нь тэдний “толгойны өвчин” гэж хэлж болно. Товчхондоо, технологи, уур амьсгалын өөрчлөлтийг дагасан дэлхий ертөнцөд компаниуд дасан зохицож чадахгүй аваас санхүүгийн хүндрэлд орохыг ч үгүйсгэхгүй аж. Тийм учраас бизнес эрхлэгчид ашиг олохоос гадна урт хугацааны үйл ажиллагаандаа БОНЗ-ын асуудлыг тусгаж, эдгээр хүчин зүйлд үзүүлэх нөлөөллийг удирдах ёстой болсон хэрэг.
МОНГОЛЫН КОМПАНИУДАД САЙН ТУРШЛАГА БИЙ
МХБ, СЗХ, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Тогтвортой байдлын санхүүгийн төвүүдийн сүлжээ, ОУСК, НҮБ-ын хамтарсан хөтөлбөрөөс гар гасан “Монголын тогтвортой хө рөнгийн бир жийн санаачилга”-ын хүрээнд “Монголын хөрөнгийн зах зээлд ESG буюу бай галь орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын стандартыг нэвтрүүлэх нь” төсөл хэрэгжүүлж буй. Эдгээр байгууллага Монголын компаниудад зориулж дөрвөн бүлэг бүхий “БОНЗ, тогтвортой байдлын тайлагналын удирдамж” боловсруулснаа өнгөрсөн наймдугаар сард танилцуулсан. Тухайн үед хамгийн сүүлийн судалгаа гаар МХБ-д бүртгэлтэй компаниудын 13-хан хувь нь БОНЗ-ын үзүүлэлтээ олон нийтэд ил тод мэдээлдэг гэсэн дүн гарсныг дурдаж байлаа.
Өнгөрсөн хавар СЭЗИС-ийн 20 гаруй магистрант МХБ-ийн топ 20 компани, IPO хийх гэж буй гурван банкны, тодруулбал, ХААН, Ху далдаа, хөгжлийн болон “Голомт”-ын засаглалын үнэлгээний тайлан бэлтгэсэн. Уг тайлан нь Байгаль орчин, нийгэм, засаглалын, ТУЗийн, Гүйцэтгэх удирдлагын, Мэдээллийн ил тод байдлын, Комплаенс, дотоод аудитын болон Хувьцаа эзэмшигчийн үнэлгээний үр дүн гэсэн зургаан хэсгээс бүрдсэн юм. Ингэхдээ хувьцаат компанийг 120, арилжааны банкийг 124 асуумжаар үнэлсэн. Манай багийн хувьд компаниудын БОНЗ-ын түвшнийг тогтоох судалгааны асуумж бэлтгэхдээ MSCI, “Vigeo eiris”, “Refinitive”, “ISS oekom”, “FTSE russell” зэрэг агентлагийн шалгуур үзүүлэлтийг судалж, үнэлгээний шалгах хуудас боловсруулсан юм. Улмаар компаниудын БОНЗ-ын түвшнийг 14 асуултын дагуу үнэлэхдээ 2019-2021 оны олон нийтэд нээлттэй болгосон мэдээлэлд (жилийн тайлан, тухайн компанийн болон зохицуулагч байгууллагуудын цахим хуудас, сошиал хуудсан дахь мэдээлэл) нь тулгуурлан чанарын судалгаа хийсэн. Компаниудын авах боломжит дээд оноо 28 (14 асуулт), банкуудын хувьд 36 (18) байв. Эл судалгааны дүнгээс багахан дурдахад, “Говь”, АПУ, “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” хамгийн өндөр оноо авсан. Гурван банкны авсан дундаж оноо 12.67 байв. Нийт 23 байгууллагаас 26 хувь нь дунджаас дээш үнэлгээ авсан бөгөөд тэдний шилдэг туршлагаас дурдвал, саарал ус хэрэглэдэг, эрчим хүч хэмнэх бодлоготой, авлигын эсрэг болон шүгэл үлээгчийн дүрэм журамтай, хөдөлмөрийн аюулгүй байдал, нөхцөлийг сайн хамгаалдаг, ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх, карьерын хөгжилд нь ихээхэн анхаардаг зэрэг сайн туршлага нэвтрүүлсэн байлаа. Тухайлбал, “Говь” ком панийн хувьд 2020 онд ээрмэл утсанд олон улсын “ОЕКО-ТЕХ” стандартын гэрчилгээ авчээ. Энэ нь тус компанийн үйлдвэрлэсэн утас ямар нэгэн химийн хортой бодис агуулаагүй, хүний эрүүл мэндэд аюулгүй, найдвартайг нь баталж байгаа юм. Байгаль орчны менеж ментийн төлөвлөгөөтэй эл компани 2021 онд байгууллагын хэмжээнд аюултай хог хаягдлын нэгдсэн цэг бий болгож, бас 497 440 кВт/ц эрчим хүч хэмнэсэн байх жишээтэй. Тэгвэл АПУ компанийн хувьд нийгмийн адил тэгш боломжуудыг хангах бодлоготой (хараагүй иргэдэд зориулж тусгайлан ажлын байр гаргасан зэрэг), бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын тогтолцоотой, үүний дагуу хийсэн ажлаа тайлагнадаг аж. Мөн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, хог хаягдлын менежмент хэрэгжүүлэх бодлоготой зэрэг сайн туршлага нэвтрүүлжээ. “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ий хувьд ус, хог хаягдал, хүрээлэн буй орчин, эрчим хүч гэсэн чиглэлээр байгаль орчны болзошгүй сөрөг нөлөөллийг хянан шинжилдэг байна. Бусад компаниас онцлууштай нь бизнесийн ёс зүйн бодлоготой тус компани өнгөрсөн онд орон нутгийн 120 гаруй иргэнийг мэргэжил олгох сургалтад хамруулжээ. Харин БОНЗ-ын түвшин нь доогуур байгаа байгууллагуудын хувьд Компанийн засаглалын кодексыг хэрэгжүүлэх буюу эрсдэлийн удирдлагын, оролцогч талуудтай тогтоох харилцааны бодлого боловсруулах, бизнесийн ёс зүйг баримтлан ажиллах, эрсдэл ба боломжийн үнэлгээ хийх зэрэг шаардлага бий. Ташрамд дурдахад, Монголд үйл ажиллагаа явуулдаг, олон улсын биржид бүртгэлтэй компаниуд аюулгүй ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн нээлттэй, шударга орчин бүрдүүлэх, ханган нийлүүлэлтийн сүлжээ, ажилтнуудынхаа эрүүл мэнд, амьдралын зохистой хэв маягт нь санаа тавьж буй зэргээ тайландаа тусгадаг. Зарим компани гэртэйгээ ойр оффисоос сонгон ажиллах боломж бүрдүүлж, “ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого” гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэгш оролцоог хангаж, ТУЗ, хороод, хувьцаа эзэмшигчдийн хурал нь хэзээ болсон, ямар асуудал хэлэлцсэн, Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багт нь хэн багтдаг, боловсрол, туршлага зэргийг нь дэлгэрэнгүй танилцуулдаг нь ч бий юм билээ.
Манай улсын хувьд БОНЗ-ын талаарх ойлголт шинэ хэдий ч энэ чиглэлд анхаарч, тууштай ахиц дэвшил гаргаж буй компани цөөнгүй нь эндээс харагдаж байна. Мөн үүнд огт анхаарал хандуулаагүй, энэ талаарх тодорхой хэмжээний ойлголт бий болгож чадаагүй компаниуд ч байгаа юм. Тэдгээрийн хувьд БОНЗ-ын үнэлгээгээр өндөр оноо авсан компаниудын сайн туршлагуудыг судалж, нэвтрүүлж, сайжруулах ихээхэн боломж бий. Үүний тулд БОНЗ аа сайжруулах төлөвлөгөө гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж, тайлагнан, үнэлгээ хийж хэвших хэрэгтэй. Байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлуудад анхаарч, өртөг багатай хөрөнгө оруулалт татаж чадвал улс орны хөгжилд ч түлхэц болох юм. Алсын хараатай бизнесүүд урт хугацаанд ашиг тустай боломжуудыг олж авах, санхүүгийн зах зээлд үнэлгээгээ өсгөх, хөрөнгө оруулалт татах боломжоо нэмэгдүүлэх, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлж, сорилтуудыг даван туулахад БОНЗ чухал ач холбогдолтой.
НЭР ХҮНД, ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ АЛДАХ Ч ЭНҮҮХЭНД
Өдгөө дэлхий даяар мэргэжлийн сангууд 20 гаруй их наяд ам.доллар удирдаж байгаагийн дөрөвний нэгээс илүү нь БОНЗ-тай холбоотой хөрөнгө оруулалт аж. Ер нь хөрөнгө оруулагчдын зүгээс аливаа бизнесийн үйл ажиллагааг үнэлэхдээ эдгээр хүчин зүйлд ихээхэн анхаарал хандуулж буй гэнэ. Ялангуяа цар тахлын дараа хөрөнгө оруулагчид БОНЗ сайтай компаниуд болон хариуцлагатай хөрөнгө оруулалтыг сонгох болсон юм. Ийм үед БОНЗ-д дутуу анхаарснаас болж алдагдал хүлээсэн компаниуд ч бий. Дэлхийн уул уурхайн салбарт хоёр дугаарт эрэмбэлэгддэг компани хоёр жил гаруйн өмнө Баруун Авст ралийн Пилбара мужаас төмрийн хүдэр олборлохын тулд 46 мянган жилийн түүхтэй, дурсгалт хоёр агуйг дэ бэлсэн тохиолдол гарсан. Эл үйл явдлын дараа тухайн компанийн удирдлага уучлалгуйгаад өнгөрөх гэсэн ч Австралийн уугуул иргэд, хувьцаа эзэмшигчид, олон нийт хүчтэй эсэргүүцэн жагссанаар хэд хэдэн захирлаа ажлаас нь халж байлаа. Зохисгүй, талуудад хохиролтой шийдвэр гаргасан тус компанийн алдаанд чадварлаг олон мэргэжилтэн нь эмзэглэж, ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдсөн гэнэ лээ. Мэдээж олон нийтийн итгэлийг эргүүлэн олж авахад тэдэнд багагүй хугацаа, хөрөнгө шаардлагатай. Тэгэхээр хувьцаа эзэмшигчид зөвхөн санхүүгийн ашиг хүртэхэд анхаарахаа больж, өөрт нь өгч буй ашгийг хэрхэн бий болгосон, байгаль орчинд хэрээлтэй ажилласан зэргийг чухалчлах болсныг компаниудын удирдлага мэдэх, мэдрэх хэрэгтэй болж буйн жишээ энэ. Хэрэглэгч, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдийн ажилтнууд, хамт олон, ханган нийлүүлэгчид, олон нийт болон дэлхий даяар санаа зовж буй асуудлуудад анхаардаг компаниудыг хайх болсон учраас ингэхээс ч өөр аргагүй. Тэд ил тод байдлыг хангасан, үнэт зүйлд нь нийцсэн тохиолдолд л хөрөнгөө оруулахыг илүүтэй сонирхох болсон тул ТУЗ, C-suites буюу гүйцэтгэх захирал, санхүү хариуцсан болон үйл ажиллагаа хариуцсан захирал нар БОНЗ-ын өндөр оноо авахад аль болох эртнээс бэлдэх шаардлагатай. Дижитал эрин зуунд нуугдах газар үгүй. Дахин хэлэхэд, өмнө нь хэрэглэгч, хөрөнгө оруулагчид тухайн компани үйл ажиллагаагаа хэр хэн явуулж, хэр их нөөц ашиглаж буй талаар төдийлөн мэддэггүй, сонирхдоггүй байсан бол өдгөө энэ байдал өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч зэрэг тал тухайн компанийн зөвхөн санхүүгийн тайлан балансыг сонирхохоо больсон хэрэг. “Edelman trust ba ro meter”-ээс 28 орны иргэдийг хамруулсан судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь “Гүйцэтгэх захирлууд зөвхөн ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн өмнө бус, олон нийтийн өмнө ч хариуцлага хүлээх ёстой” гэж хариулсан нь үүнийг батална. “Ernst & young” фирм дэлхийн уул уурхайн компаниудын дунд судалгаа явуулан, ирэх жил тэдэнд тулгарах эрсдэлүүдийг эрэмбэлснээ өнгөрсөн есдүгээр сарын эцэст танилцуулсан юм. Уг судалгаагаар БОНЗ-ын шалгуур, геополитик, уур амьсгалын өөрчлөлт нь эл салбарынханд тулгарах гол эрс дэлд тооцогдсоныг тэмдэглэж байв. Тухайлбал, усны менежментээ сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг бодлого, стратеги баримтлах шаардлагыг улс ор нуудын Засгийн газар, олон нийт, хөрөнгө оруулагчдаас тавьж буй аж. Түүнчлэн Дэлхийн алт ны зөвлөлөөс компаниудыг системчилсэн төлөвлөгөө гаргаж, уур амьсгалын сорилтуудыг даван туулахын тулд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах шаардлагатайг саяхан сануулсан билээ. Ашиг олж авахын хэрээр байгаль орчин, нийгэм, засаглалын үзүүлэлтээ сайжруулахад хөрөнгө мөнгө “өгөх” цаг иржээ.