Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Батцэрэн нар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанг өчигдөр хүлээн авч, НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлаар санал солилцлоо.
ХЭҮК-ын дарга Ж.Хунан НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсэг манай улсад ажиллахдаа 2020-2021 онд баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.
Ч.Хосбаяр “Хуулийн зохицуулалтын хувьд баривчлах ажиллагаанд урьдчилж хянуулах болон хойшлуулшгүй тохиолдлоор нөхөж зөвшөөрөл авах хоёр зохицуулалт байгаагаас сүүлчийнхийг нь ихэвчлэн хэрэглэж буйтай холбоотой зөрчил үүсээд байгааг” онцолжээ.
“Хуульд хойшлуулшгүй тохиолдолд саатуулах обьектив шалгуурыг заасан ч бодит байдалд тэдгээрийг хэрэгжүүлдэггүй, амралтын өмнөх өдөр сэжигтнийг шүүхээс зөвшөөрөл авалгүй саатуулах тохиолдол олон байгааг” шүүгч Б.Батцэрэн онцолсон байна.
Уулзалтын үеэр хүний эрхийн баталгааг хангахын тулд баривчлан саатуулах ажиллагаанд шүүхийн хяналт оролцоог бүрэн утгаар нь хэрэгжүүлэх, бага насны хүүхэдтэй эхчүүдийг цагдан хорих асуудалд анхаарах, гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахгүй байх зэрэг хүний үндсэн эрхтэй холбоотой олон асуудлаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцож, хамтран ажиллахаар тохиролцолд хүржээ.
Эх сурвалж: Дээд шүүх