Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкуудын холбооноос цахим орчинд гарч буй залилах гэмт хэргийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллага энэ оны эхний 10 сард 30 000 гаруй хэрэг бүртгэснээс 10 300 нь залилангийн шинжтэй байжээ. Үүний 8056 нь цахим орчинд үйлдэгдсэн байна. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хошууч Б.Билгүүтэй “Залилах гэмт хэрэг нэг жилийн хугацаанд 97.3 хувиар нэмэгдсэн бол үүний 88.2 хувийг цахим залилан эзэлсэн. Өөрөөр хэлбэл, дөрвөн гэмт хэрэг тутмын нэгийг цахим орчинд үйлджээ. Энэ нь манай улсын хүн амын интернэтийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой. Мөн цахим залилангийн улмаас 1-10 дугаар сард 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Жилээс жилд хохирлын хэмжээ, гэмт хэргийн тоо өсөж буй бөгөөд үүний илрүүлэлт 53 орчим хувьтай байна” гэв. Бага дүнтэй мөнгөөр хохирсон иргэдийн тоо олширч, мөн залилах гэмт хэргийг маргаантай гүйлгээ болон ажил үйлчилгээний хөлс зэргээс ялгах шаардлага өссөнөөс мөрдөн шалгах ажиллагаа удааширч, хэргийн илрүүлэлт хангалтгүй байгаа гэнэ. Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн хохирогчдын гар утасны дугаарт фэйсбүүкийн нэг удаагийн нэвтрэх код авах хүсэлт илгээн, тухайн иргэний өмнөөс мөнгө гуйх, зээлэх зурвас хүмүүс рүү явуулж мэхэлдэг аж. Тиймээс цахим залилангийн хохирогч болохоос зайлсхийх, хувийн мэдээллээ хамгаалахыг иргэдэд сануулахын зэрэгцээ олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, мэдээлэл хуваалцах зорилгоор “Unsend-Бүү шилжүүлээрэй” аяныг дээрх байгууллагууд хамтран өчигдрөөс эхлүүллээ. Аяныг 14 хоног үргэлжлүүлэх гэнэ.