Хулан хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэсний хэмжээнд боловсруулах анхан шатны хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт боллоо. г арга хэмжээг “Оюутолгой” ХХК-ийн “Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, БОАЖЯ хамтран зохион байгуулсан бөгөөд ЗТХЯ, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Тавантолгой төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам” ХХК, Хил хамгаалах ерөнхий газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны төлөөлөл, эрдэмтэн, судлаач нийлсэн 60 гаруй хүн оролцсон юм.
“Улаан ном”-д багтсан энэхүү амьтан идэвхтэй шилжилт хөдөлгөөн хийдэг онцлогтой ч малын тоо толгойн өсөлт, уул уурхай, дэд бүтэц, хүний нөлөөллөөс болоод чөлөөтэй бэлчих, нүүдэллэх боломжгүйд хүрснийг оролцогчид онцоллоо. Ялангуяа зэрлэг амьтдад зориулсан гарц, гарамгүй, өргөст тороор хамгаалалт хийсэн төмөр замаас болж хулан үрэгдэх, сүргээсээ тасрах явдал гаарсан гэнэ. Иймд түүнийг хамгаалах менежментийн төлөвлөгөөг талуудын оролцоотой нэн даруй хэлэлцэн батлах шаардлагатайг дурдлаа. Хэлэлцүүлгийг гурван үе шаттай хийхээр төлөвлөжээ. Хоёр дахийг нь өнөөдөр олон улсын судлаачдын дунд зохион байгуулах бол сүүлийнхийг нь 16-нд салбар дундын хуралдаан байдлаар өрнүүлэх нь. Үүний үр дүнд хулан хамгаалах менежментийн төлөвлөгөөний алсын хараа, хамрах хүрээг тодорхойлж, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, 2030 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах юм байна.