БОАЖ-ын сайдын ойн дагалт баялгийн нөөц ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай албан даалгаврын дагуу томилсон ажлын хэсэг Архангай аймгийн Тариат, Цэнхэр, Ихтамир сумд хяналт, шалгалт хийжээ. Тариат сумын нутаг дэвсгэрээс үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар 217.4, Цэнхэрээс 196.5, Ихтамираас 239.2 тн самар бэлтгүүлэхээр квот тогтоосон нь дээд хэмжээнээсээ хэтэрсэн гэнэ. Эдгээр сумаас “Цэц манхан”, “Мотума”, “Өнгөт тэнгэр”, “Чиүшин фүүд”, “Нэмүүн тайга”, “Оргих наран булаг”, “Арван ачит”, “Түмэн хурын хишиг” зэрэг 15 компани самар бэлтгэсэн байна.
Орон нутгийн удирдлагууд эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан хууль бус шийдвэр гаргасныг уг шалгалтаар илрүүлжээ. Тухайлбал, дээрх сумдын Засаг дарга нар ойн дагалт баялаг хамгаалах, зохистой ашиглах журам зөрчиж, яамнаас тогтоосон квотыг өөрчлөн, түүнээс хэтэрсэн хэмжээгээр самар бэлтгүүлэхээр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан байж. Ингэснээр Тариат сумын нутгаас 64.7, Цэнхэрээс 62.4, Ихтамираас 50.5, нийт 177.6 тн самар хууль бусаар бэлтгүүлжээ. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд самар түүхдээ өөрсдийн ажилчдыг дайчлаагүй, байгальд ээлтэй технологи ашиглаагүй, хог хаягдлаа цэвэрлээгүй, ашигласан талбайгаа хууль, журмын дагуу хүлээлгэж өгөөгүй зөрчил нийтлэг илэрсэн аж. Зөрчил гаргасан хуулийн этгээдэд гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зэргээр хуулийн дагуу хариуцлага тооцохоор төлөвлөжээ.