Энэ оны аравдугаар сарын 21-ний 22 цаг 55 минутад Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын 2 иргэн согтуугаар танхайран, зодоон хийсэн. ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас хэргийн талаар тодруулахад “Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын I хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулахад БНХАУ-ын иргэн “Р”, “Т” болон Монгол Улсын иргэн орчуулагч “Н” нар нь үл таних БНХАУ-ын 2 иргэнтэй маргалдан улмаар хоорондоо зодолдож, энэ үед БНХАУ-ын иргэн “Т” нь автомашинаа унаж зугтах үед Монгол Улсын иргэн “Б” зодоон хийсэн хүнийг явуулахгүй гэх шалтгаанаар “Тоёота Камри” маркийн автомашинаараа замыг нь хааж, хөндлөн байрлуулахад нь түүний автомашин, дэргэд нь байрлуулсан байсан Монгол Улсын иргэн “О” нарын авто машиныг мөргөж зугтсан нөхцөл байдал тогтоогдсон. Монгол Улсын иргэдийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй, тээврийн хэрэгслүүдэд эвдэрсэн. Харин БНХАУ-ын иргэн “Т” болон “Р” нарын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлсэн. Өдгөө зодоонд оролцсон БНХАУ-ын гэх 2 иргэнийг хэн болохыг тогтоохоор цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэж мэдээллээ.
Бэлтгэсэн Б.Мөнхсайхан