Монголын байгаль орчны иргэний зөвлөл, “Хөвсгөл далай ээж нийгэмлэг” төрийн бус байгууллагынхан Хөвсгөл нуурын онцгой хамгаалалтын бүсэд хууль зөрчин газар авсан, аялал жуулчлал нэрийдлээр хүн, малын зорчих хөдөлгөөнд саад учруулахуйц том барилга, байгууламж, хашаа барьсан аж ахуйн нэгжүүдийг шалгуулж, арга хэмжээ авхуулахаар БОАЖЯ-нд ханджээ. Салбарын сайд энэхүү хүсэлтийн дагуу гурван компанийн газар ашиглах эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын Дээд модот булан, Жанхайн цагаан эргийн хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан “Ирмүүн мальти медиа”, “Хөвсгөлбат чандмань”, “Хөвсгөл цагаан эрэг” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалжээ. Мөн нутгийн иргэдийн шүүмжлэлд өртсөөр ирсэн, Дээд модот булан (“Хөх сувд” мөсний баярын арга хэмжээ болдог газар) дахь цагаан хашааг буулгах шийдвэр гаргасан гэнэ. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа сайдын тушаалыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Бэлтгэсэн Н.Буян