Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн эмч, Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран есөн шаргачин, нэг оонод сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ. Энэ нь Монгол орны хээрийн бүсэд байгуулах Сайншанд-Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын трасс цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнд хэрхэн нөлөөлөх эрсдэлтэйг судлах, зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоож, санал болгох зорилготой аж. Эмч, мэргэжилтнүүд зээрт хүзүүвч зүүх үедээ мялзан, шүлхий өвчний шинжилгээний сорьц авсан байна.