Өвөрхангай аймагт зун алаг цоог болсон гэнэ. Тиймээс Өвөрхангайн 700 гаруй малчин өрх сар гаруйн өмнө малаа туун бусад аймагт алсын оторлож эхэлжээ. Харамсалтай нь, бусад аймгийнхан отроор явж байгаа малчдыг хөөж туусан асуудал гарчээ. Тухайлбал, Төв аймгийн Цээл, Заамар, Сэлэнгэ аймгийн Орхонтуулд явж байгаа малчдыг олноор нь хөөж, малыг нь машинаар элдэж, тэр ч бүү хэл хонь малыг нь дайрсан байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яам, Шадар сайд, Улсын Онцгой комисст хандаж, отроор явж байгаа малчдыг хөөж туухгүй, ая тухтай өвөлжүүлж хаваржуулаад нутаг буцаах тал дээр анхаарахыг хүсжээ. Уг нь Онцгой комиссоос орон нутгийн удирдлага хоорондоо гэрээ хий, отрын бүс нутаг гаргаж өг хэмээх шийдвэр байдаг аж.
Гэвч Булган, Төв, Сүхбаатар аймгийн Засаг дарга нар оторчдыг хүлээж аваагүй, гэрээгээ байгуулаагүй байгаа аж. Үүнээс гадна Булган, Сүхбаатарт өнгөрсөн зун малын халдварт өвчин гарсан тул 2023 оны нэгдүгээр сарын 1 хүртэл гадны мал оруулахгүй, отор хүлээж авахгүй гэсэн аймгийн Засаг даргын захирамж гарсан байна.
Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг "Малчдын хөдөлмөр амаргүй, цаг наргүй ажиллахын дээр нар салхинд хамгийн их гандаж элээгдэж явдаг хүмүүс. Манай мал аж ахуйн үйлдвэрлэл “Хаяа багтвал бууж хамар хатгавал иддэг” зарчмаар явж ирсэн цаашдаа энэ байдлаараа явах аргагүй. Тийм учраас Засгийн газар мал аж ахуйн салбартаа онцгой анхаарал хандуулж Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Улсын онцгой комисс отрын малчдыг хөөж туухгүй байх, очсон нутагт нь ая тухтай өвөлжүүлж хаваржуулаад, хавар тохирсон хугацаанд нь нутаг буцаах талаар тодорхой шийдвэр гаргамаар байна. Алийн бүр малчид хэдэн малаа туугаад үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг орох оронгоо ч барьж чадахгүй хөөгдөж туугдаж явах юм бэ. Орон гэрээ бариад ая тухтай амарч чадахгүй, машиныхаа тэвшин дээр гэрийнхээ эсгийгээр салхинаас хамгаалсан шовгор босгоод нутаглах газар хайн сар гаруй явж байгаа малчдыг одоо л анхаарахгүй бол хэзээ анхаарах юм бэ. Энэ тухай би чуулган дээр ч ярьсан, Шадар сайдтай биечлэн уулзаж ч асуудлыг тавьсан. Гэтэл шийдэгдсэн юм алга байгааг анхаарна уу" хэмээн байр сууриа илэрхийллээ.