Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургуулийн А байрны нэгдүгээр давхарт уржигдар хий цацсанаас, сурагч, багш, ажилтнуудад хордлогын шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайн өдрийн 16.00 цагийн үед сурагч, багш, ажилтан нийлсэн 134 хүн эмнэлэгт хандаад байсан юм. Улмаар 19.00 цагийн үед уг тоо 158 болж нэмэгдсэн гэнэ. Хий цацах үед хичээлийн их завсарлага таарсан тул олон хүүхэд, багш, ажилтан өртжээ. Нөхцөл байдал өчигдөр хэрхэн өөрчлөгдсөнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбатаас тодруулахад “Манай эмнэлгийнхэн нийт 16 багш, ажилтан, 142 хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүллээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүн байхгүй. Бүгдийнх нь биеийн байдал хэвийн болж, гэртээ харьсан. Гэртээ харьсан хүмүүсийн биеийн байдлыг хянаж байгаа. Одоогоор ямар нэгэн хүндрэл тулгараагүй. Манайд ирсэн хүмүүст хоолой боогдох, амьсгал бачуурах, ханиалгах, дотор муухайрах, бөөлжих, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг, зовуурь илэрсэн. Эдгээр шинж тэмдэг хэсэгхэн хугацаанд буюу голчлон 20- 30 минутад илэрч байгаад биеийн байдал нь хэвийн болсон” гэлээ.
Түүнчлэн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн сургуулийн орчинд агаарын чанарын шинжилгээ хийсэн бөгөөд хорт бодис илрээгүй тул өчигдрөөс сургалтаа хэвийн явуулж эхэлжээ. Аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ганзоригийн мэдээлснээр хүүхдүүд санамсаргүй байдлаар, сахилгагүйтсэнээс ийм асуудал үүссэн гэв. Тэрбээр “Нулимс асгаруулагчийг тусгай зөвшөөрөлтэй борлуулдаг, хэрэглэдэг. Үүнийг харуул хамгаалалт, хууль хяналтын байгууллагынхан л ашигладаг журамтай. Урьдчилсан мэдүүлгээр тухайн хийг авч явсан сурагч өнгөрсөн долдугаар сард Улаанбаатар хотод халдлагад өртсөн байна. Тиймээс үеэл ах нь уг зүйлийг худалдан авч өгчээ. Тусгай зөвшөөрлөөр борлуулдаг зүйлийг худалдсан, худалдан авсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагынхан шалгаж байна” хэмээн мэдээлсэн юм.
Бэлтгэсэн М.Оч