ШУА-ийн Газар зүй, геоэкологийн болон Одон орон, геофизикийн хүрээлэнгээс санаачлан ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбартай хамтран зохион байгуулж буй “Хөвсгөл, Байгал нуурууд: экологи, эдийн засгийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр эхэллээ. Танхим, цахим хосолсон хэлбэрээр хоёр өдөр үргэлжлэх хуралд дотоод, гадаадын 50 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа, шинжилгээнийхээ үр дүнг танилцуулах юм. ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Удирдлагын онолын динамик системийн хүрээлэн, Байгалийн менежментийн Байкал хүрээлэнгээс 23 эрдэмтэн хүрэлцэн ирснийг зохион байгуулагчид онцлов. Хоёр орны эрдэмтэд энэ удаагийн хурлаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талаар онцгойлон ярих гэнэ. Монгол, Оросын хамтарсан судалгааны багийнхнаас гадна энэ чиглэлээр бие даан судалгаа хийсэн эрдэмтэд дүгнэлт, байр сууриа танилцуулах юм байна.
Манай улс Эгийн голын усан цахилгаан станцын төслийг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр 2016 онд барилга угсралтын ажлыг эхлүүлсэн ч хойд хөрш ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар саатсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн олон судалгааны үр дүн уг төслийг Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны нөөц, горимд сөрөг нөлөөгүй гэдгийг баталсан ч хөрш орны зүгээс эсрэг байр суурь илэрхийлсээр ирсэн билээ. Харин өнгөрсөн есдүгээр сард болсон “Дорнын эдийн засгийн чуулган”-ы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн. Өдгөө манай улс Францын нэр бүхий компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж буй бөгөөд үүний үр дүнг ирэх онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар хэлэлцүүлэхээр зэхэж буй. Тэгвэл энэ удаагийн арга хэмжээг хоёр орны эрдэмтдийн хийсэн судалгаа, мониторингийн үр дүнг олон нийтэд танилцуулах, тэднийг нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүргэх зорилгоор зохион байгуулж байна. Хурлын төгсгөлд судлаач, эрдэмтэд дугуй ширээний ярилцлага өрнүүлэн, дүгнэлт, зөвлөмжөө нэгтгэж, холбогдох байгууллагад хүргүүлэх аж.