БОАЖЯ тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийг Германы Сэргээн босголт, зээлийн банкны дэмжлэгээр 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийнхөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан гэсэн баруун бүсийн аймаг дахь ойн ангиудад модны нүх ухагч, газар хагалагч төхөөрөмж өгсөн байна. Мөн яам улсын төсвийн хөрөнгөөр сум дундын 21 ойн ангид ийм төхөөрөмжийн иж бүрдэл, 121 ам метр талбай бүхий, дуслын болон мананцар усалгааны системтэй хүлэмж нийлүүлжээ. Үүнд нэг тэрбум гаруй төгрөг зарцуулсан аж.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Дэй нэйчэ консерванси” (TNC) зэрэг олон улсын байгууллага БОАЖЯ-тай хамтран “Тэрбум мод”-ны хүрээнд бас нэг чухал санаачилга гаргаад буй нь “Байгаль хамгаалах итгэлцлийн сан” байгуулах. Тус сан нь уг санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэхэд дэмжлэг үзүүлэх, олон талын эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх чиглэлээр ажиллах нь.
Бэлтгэсэн И.Мишээл