Хүнсний аюулгүй байдал улс гүрнүүдийн үндэсний аюулгүй байдлын гол цөм байдаг. Хүнардынх нь эрүүл чийрэг амьдрах нөхцөл хэрэглэж буй хүнсний хангамж, чанараас хамаардаг учраас тэр. Цаашлаад хүнсээр хараат байх нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. Тухайлбал, манай улс Хятадаас төрөл бүрийн будаа, элсэн чихэр, нарийн ногоо, өндөг тахианы мах гэх мэт олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортолдог. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар өмнөд хөрш хилийн боомтуудаа хаавал, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхээс татгалзвал монголчуудад аюул нүүрлэнэ. Хүнсний хангамжийн дутагдалд орно. Тэгэхээр хүнсээ хүнээс гуйхгүй байх нь чухал бодлого гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. НҮБ-ын судалгаагаар манай улсын хүн амын 20 орчим хувь нь хангалттай хэмжээний шим тэжээлтэй хүнсээр хангагдаж чадахгүй байгааг онцолсон. Иргэдээ шим тэжээлтэй хүнсээр хангах нь ч үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилга гаргаж, УИХ-аас Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоол өнгөрсөн зургадугаар сард баталсан. Уг тогтоолын дагуу Засгийн газар хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар стандартыг нь сайжруулах, стандарт шаардлагад нийцсэн агуулах байгуулах бодлого баримталж ажиллана. Энэ бодлогыг 2022-2026 он хүртэл таван жил хэрэгжүүлж, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт тавиад буй. Өөрөөр хэлбэл, хүнсний хангамжаа дотоодоосоо бүрдүүлж, аюулгүй байдлаа хангах төрийн бодлого гарсан гэсэн үг. Энэ талаар “Новел” группийн гүйцэтгэх захирал Д.Ангар “Би хувьдаа ийм бодлого оройтож гарлаа гэж үзэж байгаа. Энэ бодлогыг 20 жилийн өмнө гаргах ёстой байсан. Социалист байсан улс орнууд 2000-аад он хүртэл зах зээлд шилжих үеийг туулсан. Зүүн Европын Польш, Унгар, Украин, Төв Азийн Казахстан, Узбекистан зэрэг орон манайхтай адил шилжилтийн үеийг гадаадаас бараа, бүтээгдэхүүн импортолж давсан юм. Шилжилтийн үеийн дараа тэд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж, хүнсээ үйлдвэрлэж чадсан. Харин манай ийм бодлого баримталж чадаагүй. Хэдийгээр хоцорсонч маш зөв бодлого гаргалаа” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр махны болон малын тэжээлийн үйлдвэр байгуулах зэргээр хүнсний хангамж, экспортын чиглэлээр идэвхтэй ажиллаж буй.
Монгол Улс загас, төрөл бүрийн будаа, элсэн чихэр, ургамлын тосоо гадаадаас 100 хувь импортолдог. Хэрэгцээтэй тахианы махны 99, жимс, жимсгэний 98, хүнсний давсны 97, хуурай сүүний 82, цөцгийн тосны 67, өндөгний 49, хүнсний ногооны 38, сүүн бүтээгдэхүүний 41, гурилан бүтээгдэхүүний 33, гурилны хаа нэг хувийг гадаадаас худалдаж авдаг. Харин мах, төмсөөр хэрэгцээгээ бүрэн хангадаг билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индэр дээрээс “Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийнтос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайнмах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье” гэж хэлсэн. Тэгэхээр дээрх бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх бодлого баримталж буй гэсэн үг.
Манай улсад хүнсний үйлдвэрлэл хөгжөөгүй нь хэд хэдэн шалтгаантай. Хүнсний үйлдвэрлэл нь урт хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж, үр өгөөжөө өгдөг онцлогтой. Тиймээс үндэсний томоохон компаниуд илүү ашигтай бизнест хөрөнгө оруулж ирсэн. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд урт хугацаанд хөрөнгө оруулалт нөхөж, үр ашгаа өгөх ийм төрлийн бизнес эрхлэхэд санхүүжилт олдох нь хомс. Тодруулбал, арилжааны банкны богино хугацаатай, жилийн20-оос дээш хувийн хүүтэй зээлээр үйлдвэр байгуулах боломжгүй байв. Мөн татварын бодлогоор зах зээлээ хамгаалахгүй учраас дотоодод үйлдвэрлэснээс гадаадаас импортлох нь илүү өртөг багатай байсан. Тиймээс хүнсний үйлдвэрлэл дорвитой хөгжөөгүй гэхэд болно.
УИХ-ын Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, цаашид экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай нийт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2026 онд улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас болон батлан даалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж заасан. Уг заалтын дагуу хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдэд урт хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй зээл олгохоор болжээ. Хүнсний үйлдвэрлэл хөгжүүлэхэд тээг болоод байсан хөнгөлөлттэй санхүүжилтийн асуудлыг төр, засагийн хүү шийдвэрлэх нь. Хүнсний үйлдвэрлэлийн төсөл харьцангуй бага хөрөнгө оруулалттай. Тиймээс1.7 их наяд төгрөг бол чамлахааргүй хэмжээний санхүүжилт юм. Санхүүжилтийг тогтоолд заасны дагуу шийдвэрлэх нь улсын төсөвт дарамт болно. Гэхдээ аюулгүй байдлаа хангах чухал ач холбогдолтой учраас ингэж шийдвэрлэх нь зөв юм.
Мөн дээрх тогтоолд “Тарифын зохицуулалт хийх замаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2022 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, дотоодод үйлдвэрлэж, хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавьж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ гаалийн татварыг нэмэх замаар зах зээлийг нь хамгаална гэсэн үг. Импортын хүнсний бүтээгдэхүүнд өндөр татвар тавьчихвал өртөг нэмэгдэнэ. Ингэснээр дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сайжрах учиртай. Улс орнууд зарим төрлийн бараанд 30-60 хүртэл хувийн гаалийн татвар тогтоож, дотоодын үйлдвэрлэлийнхээ зах зээлийг хамгаалдаг. Тэгвэл манай улсын гаалийн татвар дийлэнх бараа, бүтээгдэхүүнд таван хувьтай байдаг. Импортын татварын хувь хэмжээг нэмэхгүйгээр гадаадын олон жил үйл ажиллагаа явуулсан, бараа, бүтээгдэхүүнийг хямд өртгөөр үйлдвэрлэдэг компаниудтай манайхан өрсөлдөх боломжгүй нь ойлгомжтой.
Хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлбэл ажлын байр нэмэгдэнэ. Цаашлаад валютын гадагшлах урсгалыг бууруулна. Энэ талаар Д.Ангар “Ядуурал их байгаа нь ажилгүйдэлтэй холбоотой. Тахианы мах импортлоход нэг л ажлын байр байхад болно. Импортын компанийн захирал утсаар яриад, и-мэйлээр нөхцөлүүдээ тохироод, факсаар гэрээгээ явуулаад, мөнгөө шилжүүлчихнэ. Хэсэг хугацааны дараа Монголд 10 вагон тахианы мах ирнэ. Тэгвэл 10 вагон тахианы махыг дотооддоо үйлдвэрлэвэл олон ажилчин шаардлагатай болно. Үйлдвэрлэлийн салбар л олон ажлын байр бий болгодог. Бараа, бүтээгдэхүүн импортлох тусам валют гадагшилна. Одоо манай улсын төлбөрийн тэнцэл өндөр алдагдалтай болчихоод ам.долларын ханш өдөр бүр өсөж байна. Импортын хэрэглээ валютыг манай улсын мөнгөний системээс гаргачихаж байна. Дотооддоо үйлдвэрлэвэл мөнгө нь нэмүү өртөг болж эдийн засагтаа шингэнэ” гэж ярив. Манай улс 2021 оны байдлаар хүнсний бүтээгдэхүүн гадаадаас импортлоход нэг тэрбум орчим ам.доллар зарцуулжээ.