Нил мөрний сав газарт хамаарах Асван (эртний Египетийн хилийн хот)-ы нутаг дэвсгэрт усан цахилгаан станц барих төлөвлөгөөг одоогоос 63 жилийн өмнө баталжээ. Уг цахилгаан станцыг барьснаар эртний Египетийг 70 жил захирч асан хүчирхэг фараонууд, Нубийн эзэнт гүрний түүхэнд холбогдох өв соёлын олон зуун дурсгал усанд автаж, сүйдэх эрсдэлтэй байв. Тиймээс Нэгдсэн үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) энэсанаачилгыг эсэргүүцэн “Нубийн живэх гэж буй дурсгалыг хамгаалъя” уриатай хөдөлгөөн өрнүүлсэн. Дэлхийн 60 гаруй орон үүнд нэгдэж, түүх, соёлын дурсгалаас илүү чухал зүйл үгүй хэмээн дуу хоолойгоо илэрхийлэн, хөдөлгөөнийг санаачлагч байгууллагад техник, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлжээ. Үүний үр дүнд Нил мөрний сав газрын ойролцоо байршиж байсан зарим томоохон сүм, хийдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээхүртэл авсан аж. Уг үйл явдал түүх, өв соёлын үнэт зүйлсийг хөгжлийн золиос болгохгүйн тулд олон улсын түвшинд хамгаалах хэрэгтэйг улс орнуудад, хүн төрөлхтөнд ойлгуулсан том сургамж болжээ. Улмаар ЮНЕСКО 1972 оны арваннэгдүгээр сарын 16- нд Парист зохион байгуулсан 17 дахь удаагийн чуулганаараа Дэлхийн соёл, байгалийн өвийг хамгаалах тунхаглалыг баталсан түүхтэй.
Хамгийн анх АНУ Йеллоустон үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Галапагосын арал зэрэг 12 газрыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлснээр хүн төрөлхтөн түүх, өв соёл, байгалиа хамгаалах “аянд морджээ”. Энэцагаас хойш Дэлхийн өвийн хороо 167 орны нутаг дэвсгэрт орших байгалийн болон соёлын 1121 өвийг бүртгэж, баталгаажуулсны дотор Монголын таван газар багтсан. Тодруулбал, манай улс 2003 онд Увс нуурын сав газрыг, 2004 онд Орхоны хөндийг, 2011 онд Монгол Алтайн нурууны хадны сүг зургийн дурсгалыг, 2015 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газруудыг, 2017 онд Дагуурын бүс нутгийн ландшафтыг бүртгүүлсэн. Үүний гурав нь соёлын, хоёр нь байгалийн өвийн ангилалд багтаж буй. Харин өдгөө зургаа дахь газраа дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байна. Монгол Улс Алтайн өндөр уулсыг олон улсад хүлээн зөвшөрүүлэх хүсэлт гаргаж, Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах конвенцын урьдчилсан жагсаалтад бүртгүүлжээ.
Алтайн өндөр уулс гэдэгт Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумын нутаг дахь Алтай таван богд, Соёны нурууны баруун хязгаартай залгаа, улсын хил дээр орших Сийлхэмийн нурууг багтаажээ. Эдгээр газарт дээд палеолитын үеэс эхлэлтэй, Төв Азийн нүүдэлчдийн олон мянган жилийн түүхэнд холбогдох булш, бунхан, буган чулуун хөшөө, Түрэгийн үед хамаарах хүн чулуу, хиргисүүр элбэг байдаг гэнэ. Тиймээс үүнийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх замаар хамгаалж, байгалийн төрхийг нь алдагдуулалгүй хойч үедээөвлүүлэн үлдээх нь чухал гэж үзжээ. Алтай таван богдыг зорих гадаад, дотоодын жуулчин олширсон нь, булш, хиргисүүр зэрэг түүх, археологийн дурсгалыг тонож сүйтгэх явдал орон нутагт гаарсан нь энэажлыг эрчимжүүлэхэд анхаарах гол шалтгаан болсныг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрынхан дурдлаа. Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө “Алтайн өндөр уулсыг дэлхийн өвийн үндсэн жагсаалтад бүртгүүлэх” хэмээн тусгаж, 2020 оны намар тус газрыг нэр дэвшүүлсэн байна.
Байгалийн болон соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэх үйл явц нарийн дэг жаяг, дараалалтай. Юуны түрүүнд тухайн газрыг бүртгүүлэх улсын Засгийн газар, орон нутгийн захиргаанаас хүсэлт илгээх ёстой. Дараа нь Дэлхийн өвийн хороо мэргэжлийн судлаач, шинжээч томилж, үнэлгээхийлгэдэг. Тус газрыг соёлын өвд бүртгүүлэх санал гаргасан бол Олон улсын түүх, соёлын дурсгалыг хамгаалах зөвлөл (ICOMOS), харин байгалийн өвд нэр дэвшүүлсэн тохиолдолд Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ноос мэргэжилтэн томилж, тухайн улсад ажиллуулдаг онцлогтой. Үүний дараа Дэлхийн өвийн хороо уг газрыг бүртгэх, эсэхийг хэлэлцэж, шийдвэр гаргадаг. Дэмжсэн шийдвэр гаргавал тодорхой хугацааны дараа дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор оруулж, баталгаажуулдаг ажээ. Эл дараалал ёсоор бол манай улс одоо судлаач, шинжээчдийн дүгнэлтийг хүлээж буй. Олон улсын түүх, соёлын дурсгалыг хамгаалах зөвлөл, Олон улсын байгаль хамгаалах холбооны мэргэжилтнүүд өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Монголд судалгаа, шинжилгээхийгээд буцсан билээ.
Ямар учраас дээрх хоёр байгууллагаас мэргэжилтэн зэрэг томилов хэмээн уншигчид гайхаж магадгүй юм. Учир нь, Монгол Улс Алтайн өндөр уулсыг байгалийн болон соёлын хосолмол өвийн жагсаалтад бүртгүүлэхээр хүсэлт гаргасан. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц үнэцэн бүхий барилга, түүх, археологийн дурсгалыг соёлын өвийн жагсаалтад оруулдаг. Харин өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнтэй, онгон зэрлэг газрыг байгалийн өв хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл энэхоёрын давхцал бүхий газрыг хосолмол өв гэж үздэг аж. Байгалийн болон соёлын өв нэг дор оршдог газар дэлхий дахинд тун цөөн. ЮНЕСКО-гоос батламжилсан 1121 газрын дунд гэхэд 30 орчим л бий. Хэрэв манай улс үүнийг бүртгүүлж чадвал дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн, анхны холимог өвтэй болох нь.
Аливаа газрыг байгалийн болон соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх нь улс орныг хариуцлагажуулахаас эхлээд олон талын ач холбогдолтой гэнэ. Наанадаж Дэлхийн соёл, байгалийн өвийг хамгаалах конвенцоор хүлээсэн үүргээбиелүүлэх “шаардлагатай” болно. Бүртгүүлсэн газраа хэрхэн хамгаалж байгаагаа зургаан жил тутам тайлагнаж, Дэлхийн өвийн хороонд шалгуулдаг байна. Тэрчлэн эхэнд дурдсантай ижил үйл явдал болохоос сэргийлдэг аж. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Номин “Дэлхийн өвд бүртгэсэн цагаас эхлээд тухайн газар хосгүй үнэцэнтэйд тооцогдож эхэлдэг. Тиймээс урт удаан хугацаанд байгалийн төрхийг нь алдагдуулахгүй хадгалж, хамгаалахыг зорьдог. Ийм газарт барилга, байгууламж барих, байгаль, соёлын өвд халтай томоохон бүтээн байгуулалт хийх, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг хатуу хориглодог” гэв. Байгалийн болон соёлын өвийн дурсгал бүхий газрууд жуулчдын анхаарлыг ихэд татдаг учир тус бүс нутагт аялал жуулчлалыг цэгцтэй, зөв зохион байгуулалттайгаар хөгжүүлэхийг олон улсын байгууллагууд зөвлөдгийгмэргэжилтнүүд хэлэв.
Олон улсын байгаль хамгаалах холбоо Сийлхэмийн нурууг зайлшгүй хамгаалах ёстой 200 эко бүсийн тоонд оруулдаг бол археологич, байгаль судлаачид Алтай таван богд дахь томоохон мөсөн гол, Хар ямаат, Бага Ойгор, Цагаан салаагийн голын сав газарт байх хадны сүг зургийн дурсгалыг яаралтай хамгаалах шаардлагатай гэсэн санал дэвшүүлсээр иржээ. Энэхүү хадны зургийг Монгол, Орос, Америкийн эрдэмтэд 1994 онд хамтран судалж, эрдэм шинжилгээний бүтээл туурвиснаар олон улсад алдаршсан байна. Эдгээр гайхалтай, байгалийн “ил музей” болсон дурсгалуудыг ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэх, эсэхийгирэх онд шийдвэрлэх нь.