Орон нутгийн иргэд мазаалайн сэг зэм олсон талаарх мэдээллийг байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн аппликэйшнээр дамжуулан БОАЖЯ-нд хүргээд буй. Салбарын сайд уг үйл явдалтай холбогдуулан “Мазаалай үрэгдсэнээс уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоосон нь дээр. Үхлийн шалтгааныг нь тодруулах ажлын хэсэг томиллоо” гэсэн логикийн зөрчилтэй, урьдчилж дүгнэсэн зүйл цахим сүлжээнд бичсэн нь олон нийтийг бухимдуулаад буй. Тэгвэл амьтан судлаач, доктор С.Амгаланбаатараар ахлуулсан, БОАЖЯ, МБОИЗ-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг мазаалайн үхлийн шалтгааныг тогтоохоор өдгөө Говийн их дархан цаазат газрын А хэсэг буюу Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа аж.
Тухайн газар нутгийг хариуцсан хамгаалалтын захиргааныхнаас энэ талаар тодруулахад “Тусгай хамгаалалттай бүсийн орчны бүсээс мазаалайн сэг зэм олдсон. Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй” гэсэн бол МБОИЗ-өөс “Мэргэжилтнүүд Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын нутагт ажиллаж байгаа. Одоогоор тодорхой болсон зүйл үгүй” гэж мэдээллээ.
Говийн их дархан цаазат газрын А хэсгийн улсын тусгай хамгаалалттай газрын дотоод бүсэд уул уурхайн нэг ч лиценз байхгүй. Харин гаднах хэсэг буюу орчны бүсэд ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани цөөнгүй байдгийг тус хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат онцолсон. Мазаалайн сэг зэм орчны бүсээс олдсон учир уул уурхайнхны нөлөөнд ямар нэг байдлаар өртсөн байж болзошгүй ч идэш тэжээлийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг өөр олон хүчин зүйл эл амьтанд аюул дагуулах болсныг судлаачид онцолсоор байна.