Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар БОАЖЯ-наас мэдээлэв. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд байгалийн нөөц (ус, амьтан, ургамал гэх зэрэг) ашигласны болон газрын төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Харин орон нутгийн удирдлагууд энэхүү орлогын 15-85 хувийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хуультай. Гэвч бодит байдалд энэ хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулдаггүй байдал түгээмэл гэнэ. Сүүлийн зургаан жилийн дунджаар тооцоход уг хуулийн хэрэгжилт 35 хувьтай гарчээ. Аймаг, сумын удирдлагууд жил бүр 16-20, 2016 оноос хойш 123.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар ашигласан байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг аймгууд 2021 онд хэрхэн хэрэгжүүлснийг дүгнэхэд Говь-Алтай аймаг хамгийн сайн үнэлгээ авчээ. Тус аймаг өнгөрсөн жил 131.4 сая төгрөгийг байгаль хамгаалалд зарцуулах байснаас 107.7 саяыг хуваарилж, төлөвлөгөөгөө 82 хувиар биелүүлсэн аж. Харин удаах байрт Дархан-Уул 73, Өмнөговь 63, Булган 47, Говьсүмбэр 36 хувийн гүйцэтгэлээр жагсжээ. Хамгийн муу үнэлгээг Баян-Өлгий (0), Сэлэнгэ (6), нийслэл (10) авсан байна.
Бэлтгэсэн И.Мишээл