Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Ойн газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөв. Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү “Уг санаачилгыг хэрэгжүүлж эхэлснээс хойш улсын хэмжээнд 39 зүйлийн модлог ургамлын 12.7 тн үрийн нөөц бүрдүүлсэн. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 4.5 хувиар өссөн үзүүлэлт. Нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн 306 газарт 45.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, татан авсан нь өмнөх оны мөн үеийнхээс дөрөв дахин өссөн үзүүлэлт боллоо. 2021 оны есдүгээр сараас хойш улсын хэмжээнд нийт 10.2 сая мод тарьсан. Нийслэлчүүд гэхэд энэ хугацаанд 1.3 сая, Төв аймаг 906.1, Завханыхан 372.5 мянган мод тарьсан байна. Үрийн болон тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх ажилд Сэлэнгэ аймаг чухал үүрэг гүйцэтгэлээ. Зөвхөн тарьц, суулгацын нөөцийн 50 хувийг тус аймаг дангаараа бүрдүүлсэн.
Монголбанк, түүний гишүүн байгууллагууд хамтран өнгөрсөн хавар “Тэрбум мод сан” байгуулсан нь аравдугаар сараас үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн. Энэ сан 40 хүртэлх тооны төсөлд 1.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх төсөвтэй” гэв.
Харин Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Хүний нөөц бүрдүүлэх чиглэлээр нэлээд ажил хийлээ. БОАЖЯ, БШУЯ хамтран 1000 сургагч багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлээд, дуусаж байна. Мөн МУИС бакалаврын зэрэгтэй хүмүүсийг богино хугацаанд давтан сургах “Ойн аж ахуй” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. БХЯ, ХААИС-иас мод тарих аргачлал заах, сургагч багш бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгууллаа. Энэ хугацаанд танхимын болон цахим сургалтад нийт 23 008 хүнийг хамруулжээ.
Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталсан. Үүний хүрээнд цогц удирдлага, зохицуулалтын нэгдсэн бодлогоор хангах эрх зүйн орчин бий болгох, эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, үрийн аж ахуй хөгжүүлэх, мод үржүүлгийн газруудыг дэмжиж, дэвшилт техник, технологиор хангах зэрэг ажил хийнэ. Ойн хомсдол, доройтлыг бууруулах зорилгоор 416.5, цөлжилт, шороон шуурганы эх үүсвэртэй тэмцэх, элсний нүүдлийг сааруулах ажлын хүрээнд 164.7, агро ойжуулалтын чиглэлээр 37 сая мод тарихаар төлөвлөсөн. Усны нөөц хамгаалах, урсац сайжруулах зорилгоор 153.9, төв, суурин газрын ногоон байгууламж нэмэгдүүлэх, өрхийн жимс, жимсгэнийн тариалалтыг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр 87.6, авто болон төмөр зам, тариалангийн талбай хамгаалах ойн зурвас байгуулах, ногоон дэд бүтцийн сүлжээ бий болгох зорилтын хүрээнд 143.2 сая мод тарихаар төлөвлөөд байна” хэмээн ярилаа.